Цагдаа, дотоодын цэргийн 61 айлын орон сууц ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-05 12:07:06
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын “Хууль сахиулагч-1” хотхоны “А” хэсгийн 61 айлын орон сууц ашиглалтад орж, өчигдөр нээлт нь боллоо.

Нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав, Санхүү, аж ахуйн албаны дарга, хурандаа Х.Доржсүрэн, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, хурандаа Б.Цогтбаяр, “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун болон цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохой сургалтын хэлтсийн үнэрийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Ц.Алтанцоожид шинэ байрных нь түлхүүрийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гардуулан өгч тэдний гэр бүлд болон өнөөдөр шинэ байрандаа орж буй алба хаагчдад баяр хүргэж, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөв.

Барилгын ажлын багийг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр ахалж, гүйцэтгэгчээр “Бавгар”  ХХК ажилласан юм.

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уг хотхоны “Б” хэсэг энэ оны 6 дугаар сард ашиглалтад орох юм байна.
Холбоотой мэдээ