Тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-22 12:52:21

“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдарч буй гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэн, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг өнөөдрөөс Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс эхэллээ.

Дээрх ажлыг ЗДТГ, 1-20 дугаар хорооны ажлын алба, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтсүүд, Бүртгэлийн хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, хорооны ӨЭМТ-үүд, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв хамтран зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр тус ажлын хэсгийн дарга, дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах холбогдох мэргэжилтнүүдийн хамт бүртгэлжүүлэх ажлын явцтай газар дээр нь танилцаж, “бүртгэлжүүлэх нь эхний ажил, цаашид энэ иргэдээ нийгэмшүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллах тул нөхцөл байдлын үнэлгээгээ маш сайн хийх хэрэгтэй” гэж зөвлөлөө.Тус бүртгэлжүүлэх ажил хоёр өдөр үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 70 гаруй иргэд бүртгэлд хамрагдаж, эрүүл мэндийн үзлэг оношлогоонд орсон бол цагдаагийн хоёрдугаар хэлтэст 60 гаруй хүнийг бүртгэлжүүлээд  байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ