Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-04 19:31:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2019" сарын аяныг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Аяныг аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулна.

Энэ хүрээнд аймгийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бэлтгэх сургалт явуулах, сурагчдын дунд "Аюулгүй орчин, гэрэлт ирээдүй" сэдэвт зургийн уралдаан, багш, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд илтгэлийн уралдаан зарлах, барилгын угсралт, зураг төсөл, зам, тээвэр, өргөх байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх, Буянт, Алтай суманд нээлттэй хаалганы өдөрлөг хийх, иргэдэд үерийн усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг нийтдээ 19 төрлийн ажил хийхээр төлөвлөжээ.

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2019" аян ирэх тавдугаар сарын 1-нд өндөрлөх бөгөөд хийсэн ажлуудыг дүгнэж, тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд хүргүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ