В.Зеленский ямар кинонд дуртайгаа хэлжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-04 16:57:55

КИЕВ. /TASS/. Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Зеленский өөрийгөө кино хорхойтон гэж үздэг аж. Түүнчлэн тэрбээр сонгодог уран зохиолд дуртай нэгэн гэдгээ мэдэгджээ.


Түүний хамгийн үзэх дуртай кинонуудын тоонд “Борооны хүн”, “Загалмайлсан эцэг”, "Хөхөөний үүрэн дээгүүр ниссэн нь" зэрэг кино багтдаг бөгөөд А.Чеховын бүтээлүүдийг унших дуртай аж.


“Дуртай киноноосоо ганцыг нэрлэ гэвэл хэлж мэдэхгүй юм. Надад үзэх дуртай олон кино байдаг. Жишээ нь “Америкт нэг удаа”, “Загалмайлсан эцэг” киног хэд хэдэн удаа үзэж байсан” хэмээн тэрбээр  "Радио Свобода" радиод ярилцлага  өгөхдөө мэдэгджээ.


Дуртай номнуудынхаа талаар ярихдаа тэрбээр нас ахих тусам сонирхол нь өөрчлөгдөж байгаагаа хэлжээ. 


“Дунд сургуульд байхад зохиолч Жюль Верн, Артур Конан Дойл, Редьярд Киплинг нар таалагддаг байсан. Ахлах ангид ороход зохиолч А.Чехов, Н.Гоголь, Ж.Франкогийн бүтээлүүд таалагддаг болсон. Оюутан ахуй цагтаа КВН-д оролцож, О.Генри, Ж.Жером нарын хошин шогийн нарийн мэдрэмжтэй утга зохиолын бүтээлүүдийг уншдаг болсон.  Одоо эргээд сонгодог зохиолд дурладаг болоод байгаа” хэмээн нэр дэвшигч ярьсан байна.


Украины ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль гуравдугаар сарын 31-нд болсон билээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Зеленский сонгогчдын 30.24 хувийн саналыг авсан бол Порошенкод 15.95 хувь нь саналаа өгчээ.

Холбоотой мэдээ