Ардчилсан эмэгтэйчүүд амлалт нэхэн жагсана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-04 11:36:22
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШХАБ-д Монгол Улс элсэхийг эсэргүүцэхээс гадна ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардан Ардчилсан нам энэ сарын 5-нд жагсахаа мэдэгдсэн. Тэгвэл уг жагсаалд эрх баригч намын сонгуулийн амлалтыг нэхэн жагсаалд нэгдэхээ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр мэдэгдлээ.


АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, “Эрх баригч нам мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хэрэгжүүлэхгүй гурван жил боллоо. Мөрийн хөтөлбөрт хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой хэд хэдэн ажил байсан. Тухайлбал, Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно, бүх хүүхдийг цэцэрлэгээр хангана, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьжиргааг дээшлүүлнэ, гэр бүлийн тогтвортой байдлыг хангана гэх мэт. Цэцэрлэгтэй болгох юм чинь Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэггүй гээд орхисон. Ингээд хүүхэд харах үйлчилгээний төсвийг танаж эхэлсэн. Цэцэрлэггүй учраас хүүхэд гэртээ түлэгдэж, эндэх боллоо. Хүүхдийн мөнгийг ялгаварлан өгч байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа тул бид Үндсэн хуулийн цэцэд хандсан. Өнөөдөр эмэгтэйчүүдэд ажил олдохгүй байна. Эдийн засаг өслөө гэсэн мэдээлэл гарлаа. Үнэн хэрэгтээ эдийн засгийн өсөлт айл өрхийн хаалгаар орохгүй байна. Шатахуун, өргөн хэрэглээний үнэ, валютын ханш өссөөр. Олон мянган залуус гадаадад хөдөлмөр эрхлэхээр эх орноосоо дайжих боллоо. Хүүхэд гэртээ зодуулж амиа алдаж, эмэгтэйчүүд цоожтой хаалганы цаана хүчирхийлэлд өртөж байна. Бид хүүхдийн эрхийн байцаагчийг бий болгож байсан. Тэр хүн хаана байна вэ. Нэг ч татвар нэмэхгүй гэсэн амлалт өгсөн. Гэтэл бүх татвар нэмэгдсэн байна. Бизнес эрхэлж байгаа ААН-үүд татварын дарамтанд өртөж хаалгаа барьж эхэллээ. Өрх гэр бүлийг дэмжсэн ажлуудаа сайжруулна гэсэн. Гэтэл Гэр бүлийн тухай хуулиа ч баталж чадахгүй байна. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс нэг ч ажил хэрэгжсэнгүй. Тиймээс энэ амлалтаа биелүүлэхийг шаардан маргааш жагсаалд нэгдэхийг  эмэгтэйчүүддээ уриалж байна” гэв.

Холбоотой мэдээ