Мик Жаггер зүрхний мэс засал хийлгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-04-02 10:35:22

МОСКВА. /RIA Novsoti/. Алдарт "Rolling Stones" хамтлагийн ахлагч Мик Жаггер зүрхний хавхлага солих мэс засал хийлгэх гэж байгаа тухай "Drudge Report"  цахим хуудсанд мэдээлсэн байна.  


Тэрбээр энэ долоо хоногт хагалгаанд орох бөгөөд мэс засал амжилттай болох магадлал 95 хувьтай байгаа тухай мэдээлэлд дурджээ. Өдгөө 75 настай хөгжимчний биеийн байдал сайн байна. Мэс заслын дараа бие нь бүрэн сайжирч, тэрбээр энэ зун гэхэд тайзнаа дахин гарч чадна гэж эмч нар үзэж байгаа аж. 


Жаггер эмчилгээ хийлгэх болсон учраас АНУ, Канадад хийх гэж байсан аялан тоглолтоо хойшлуулсан тухайгаа тус хамтлагийнхан гуравдугаар сарын сүүлчээр мэдэгдэж байсан билээ. Жаггер твиттер хуудсандаа хамтлагийн шүтэн бишрэгчдээс уучлал хүсээд “тайзнаа эргэн ирэхийн тулд шаргуу ажиллах болно” гэдгээ амлажээ. 


1962 онд байгуулагдсан "Rolling Stones" хамтлагийн цомог дэлхий даяар 250 сая гаруй ширхэг борлогдсон байна. АНУ-д гэхэд 200 сая ширхэг пянз зарагдсан нь дэлхийд дээгүүр орох үзүүлэлт юм. 1989 онд тус хамтлагийг рок-н-роллын Алдрын танхимд мөнхжүүлсэн байна.


Холбоотой мэдээ