Азийн эдийн засгийн форум эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-22 10:33:44

БОАО /Хятад/. /TASS/. Дэлхийн эдийн засгийн сүүлийн үеийн чиг хандлага, Азийн орнуудын санхүүгийн шинэ хямралын аюул, хөгжиж буй орнуудын дэлхийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг болон ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааны асуудал Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Боао хотноо эхэлж буй Азийн эдийн засгийн жил тутмын 15 дахь удаагийн чуулга уулзалтын нээлттэй хэлэлцүүлэг, мэтгэлцээний гол сэдэв байх болно.

“Дэлхийн эдийн засаг Хятад улсыг хөгжихөд нөлөөлж, инновацийн асар том зах зээлийг олгосон. Одоо Европын орнуудад шинэ инновациудын тоо буурах, мөн АНУ-ын инновацийн чадавх сулрах хандлага ажиглагдаж байна. Хятад улс тэдний байр суурийг эзэлж, инновацийн шинэ эх сурвалж болж магадгүй. Энэ шалтгаанаар тус улс ойрын жилүүдэд эдийн засгийн шинэ загварт шилжиж магадгүй” гэж 2006 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртэж байсан Америкийн эдийн засагч Эдмунд Фелпс Боаогийн чуулга уулзалт эхлэхийн өмнө мэдэгджээ.

Азийн хөгжлийн банкны тэргүүлэх эдийн засагч Вэй Шанзиний хэлснээр, форумд оролцогсод Азийн эдийн засгийн байдалд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. “АНУ-ын Холбооны нөөцийн систем зээлийн суурь хүүг нэмсэн, Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан болон түүнийг шинэчлэх үйл явц, мөн дэлхийн үнийн түвшний уналт нь Азийн орнуудад тав дахь санхүүгийн хямрал нүүрлэх магадлалыг нэмэгдүүлж байна” гэдэгт тэрбээр итгэлтэй байна.

Энэ жилийн форумд Бельги, Вьетнам, Камбож, Лаос, Мьянмар, Таиланд, Балба, Литва, Индонез, Өмнөд Солонгос, Хятад, Орос гэсэн 12 орны төлөөлөгчид оролцоно гэж Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан чуулга уулзалт эхлэхийн өмнө мэдэгджээ. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Боаогийн форумд улсаа төлөөлөх бол Оросын төлөөлөгчдийг тус улсын шадар сайд Аркадий Дворкович тэргүүлэх аж.

Боаогийн жил тутмын чуулга уулзалтыг 2001 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд Ази тивийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх чухал механизм болжээ. Энэ жилийн чуулга уулзалтыг “Азийн шинэ ирээдүй: шинэ хөдөлгөгч хүч, шинэ хүч” уриан дор зохион байгуулж байна. Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн 83 арга хэмжээнд 2000 орчим улстөрч, эдийн засагч, үйлдвэр эрхлэгчид оролцох төлөвтэй байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ