Эрчим хүчний салбарт хамтын хэлэлцээр байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-29 15:27:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбарт нийгмийн хариуцлагын стандартыг нэвтрүүлж ажиллах хамтын хэлэлцээрийг өнөөдөр баталлаа.

2019-2020 онд хэрэгжүүлэх хэлэлцээт төрийг төлөөлж ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нар, салбарын 14.000 ажилчдыг төлөөлж Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо, салбарын нийт 30 гаруй ажил олгогчдыг төлөөлж Эрчим хүчний ассоциацийн төлөөлөл гарын үсэг зурлаа.

Энэ удаагийн хэлэлцээрээр өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрчим хүчний салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, салбарын тогтвортой байдлыг хангаж ажиллах зэрэг найман бүлэг 84 заалтыг тусгаж талууд санал нэгдсэн юм.

Эрчим хүчний салбарын ААН, байгууллагуудад Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны ISO-45001 стандарт болон нийгмийн хариуцлагын стандартыг нэвтрүүлж зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг талууд хамтран хэрэгжүүлэх юм.

 

Холбоотой мэдээ