Обама: Кубатай нөхөрлөхөд хүний эрхийн асуудал саад болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-22 08:50:34

ГАВАНА. /BBC/. Куба, АНУ-ын харилцааг бэхжүүлэхэд хүний эрхийн асуудал болоод ардчиллын талаарх санал зөрөлдөөн саад тотгор болсон хэвээр байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.

Обамагийн хэлснээр, Куба улсад авсан хориг арга хэмжээг цуцлах боловч бүрмөсөн цуцлах эсэх нь энэ санал зөрөлдөөнийг хэр хурдан даван туулахаас шалтгаална.

“Кубын ирээдүйг өөр хэн ч биш кубачууд өөрсдөө сонгоно. Үүний сацуу, би АНУ ардчиллын төлөө, тодруулбал, Кубын ард түмний ирээдүйгээ сонгох эрхийн төлөө байх болно гэдгийг маш тодорхой хэлсэн” гэж Обама хэлжээ.

Ингэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Кубын эрх баригчид эрүүл мэнд болон боловсролын салбарт амжилтад хүрч байгаа болохыг онцлон тэмдэглэсэн байна.

Харин Кубын удирдагч Рауль Кастро хариуд нь мэдэгдэхдээ, хэрэв хориг арга хэмжээг цуцалбал Вашингтон болон Гавана илүү их амжилтад хүрэх боломжтой гэв.

Түүний хэлснээр, хоёр орны харилцааг хэвийн болгох зорилгоор Обамагийн засаг захиргааны авсан сүүлийн арга хэмжээнүүд “маш чухал арга хэмжээ болсон боловч хангалтгүй байсан”.

Хэрэв улс төрийн хоригдлуудын нэрсийн жагсаалтыг түүнд өгвөл маргааш өглөө нь гэхэд тэднийг суллахаа Обамад Кастро амлажээ.

Америкийн Ерөнхийлөгч Барак Обама Кубад хийх хоёр өдрийн албан ёсны айлчлалаа  ням гарагт эхэлсэн билээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч сүүлийн 88 жилд Карибын тэнгисийн тус улсад хийж буй анхны айлчлал юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ