Шонхоруудын гайхалтай хожлоор цуврал 2:2 болж тэнцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-28 18:05:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний 21 аймгийн лигийн тэргүүн хэсгийн аваргын цувралын дөрөв дэх тоглолт МҮЭСТО-ы спорт зааланд болж, Шонхоруудын гайхалтай хожлоор цуврал 2:2 болж тэнцлээ.


Цуврал 2:1-ээр Архангай Алтан Дорнодын Дайчид баг тэргүүлж байсан юм. Харин дөрөв дэх тоглолт маш сонирхолтой, сайхан тоглолт болсон бөгөөд тоглолтын эхнээс илүүрхсэн Дайчид гурван үеийн дараа 30 оноогоор тэргүүлж байв. Шийдвэрлэх үе эхлэхэд үзэгчид Архангай Алтан Дорнодын Дайчид баг хожих нь тодорхой болов гэж дүгнэж байв.


Харин Ховд шонхорууд шахсан хамгаалалт хийж  Дайчдын тоглогчдыг сандаргаж эхлэсэн. Мөн довтолгоо бүрээ чамбай гүйцэтгэсээр эцсийн мөчид Г.Цэнгүүнбаярын шидэлтээр тоглолтод анх удаа өрсөлдөгч багаас оноо илүү гарсан юм.


Улмаар Ховд шонхорууд баг ганцхан үед 30 онооны зөрүүг арилгаж 117:115-аар гайхалтай ялалт байгууллаа. Ийнхүү аваргын цуврал 2:2 болж тэнцлээ.


Цувралын дараагийн тоглолт ирэх  бямба /2019.03.30/ гарагт Тэнүүн Өлзий багийн  “Агар” спорт ордонд болно.


Холбоотой мэдээ