Путин төрийн айлчлал хийхээр Киргиз улсад хүрэлцэн очжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБИШКЕК. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн айлчлал хийхээр Киргиз улсын нийслэл Бишкек хотод пүрэв гарагт хүрэлцэн очсон байна. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой хэлэлцээ хийснийхээ дараа Орос-Киргизийн бүс нутаг хоорондын бага хуралд оролцож, зохиолч Чингиз Айтматовын гэр музейд зочилно.
“Хоёр улсын төрийн тэргүүн нар Орос-Киргизийн стратегийн түншлэл болон холбоотны харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийг хэлэлцэнэ. Түүнчлэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагыг энэ жил Киргиз улс даргалж байгаатай холбоотойгоор бүс нутгийн хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх асуудлаар санал бодлоо солилцоно” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын сэтгүүлчдэд мэдээлснээр, хоёр орны удирдагчид хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна. Үүнээс гадна, янз бүрийн салбарт хамтран ажиллах тухай багц баримт бичгүүдэд гарын үсэг зурах арга хэмжээнд оролцоно.
Путин, Жээнбеков нар хэлэлцээ хийснийхээ дараа Орос-Киргизийн бүс нутаг хоорондын бага хурлын нэгдсэн хуралд оролцоно. Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Путин мөн зохиолч Чингиз Айтматовын гэр музейд зочлох юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Киргиз улсад хийж буй айлчлал хоёр орны удирдагчид Мөнхийн галд цэцэг өргөснөөр дуусна.