Итали улс “Шинэ Торгоны зам”-д нэгдсэн нь

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-03-27 12:45:17

“Их7”-гийн орнуудаас хамгийн түрүүнд Итали улс Хятадын санаачлан хэрэгжүүлж буй “Нэг бүс, нэг зам” /Шинэ Торгоны зам/ төсөлд нэгдлээ. Энэ тухай санамж бичигт БНХАУ-ын дарга Ши Жинпиний Ром хотод хийсэн төрийн айлчлалын үеэр талууд гарын үсэг зурсан байна. Нийтдээ 20 тэрбум орчим еврогийн үнийн дүн бүхий 10 гэрээнд гарын үсэг зуржээ. Гэхдээ хамгийн гол нь, Итали улс “Шинэ Торгоны зам” төсөлд оролцох болсон нь гойд их анхаарал татлаа. 

Торгоны зам төслийг хэрэгжүүлэхэд 1,2 тэрбум доллар зарцуулж, Хятад улсыг Еврази дахь гол түншүүдтэй нь холбох дэд бүтцийг бий болгох зорилтыг Бээжин тавьжээ. Энэ нь Европын Холбоо /ЕХ/ болон АНУ-д ихээхэн болгоомжлол төрүүлж байна. Ялангуяа америкчуудын хувьд “Хятад улс геополитикийн давамгайллаа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд уг төслийг ашиглаж байна” гэж үзэж байгаа юм. Харин Австрийн “Штандарт” сонинд бичсэнээр бол, Италийн засгийн эрхэнд гарсан барууны болон зүүний хүчний популистууд төслөөс эдийн засгийн үлэмж их ашиг хүртэхийг хүсч байгаа бөгөөд Европ дахины эв нэгдэл, Атлантын далай дамнасан эв нэгдлийг нүдээ аниад өнгөрөөхөөс сийхгүй байна.  

Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте ярихдаа, улс орон нь “Хятадын колони” болохгүй, Европ дахь Хятадын худалдааны ашиг сонирхлыг хамгаалагч болохгүй гэж барууны түншүүдээ тайвшруулжээ. Харин Вашингтоны эрх баригчид албан ёсоор мэдэгдэхдээ “Хятадын төсөлд Итали оролцох  нь тус улсын олон улсын тавцан дахь нэр хүндийг унагаж, Америк-Италийн харилцаанд томоохон бэрхшээл үүсгэнэ” гэж анхааруулжээ. 

Хятадтай тогтоосон худалдаа-эдийн засгийн харилцаагаа “засч залруулах”, тухайлбал, худалдааны алдагдлаа бууруулах, Хятадын зах зээлд нэвтрэхэд Европын компаниудад учруулж буй саад бэрхшээлийг арилгахыг хүсч буй Европын Комисс ч гэсэн мөн адил ингэж болгоомжилж байна. Үүний тулд тус комисс Хятадын талаарх 10 зүйл заалт бүхий хөтөлбөрийг боловсруулж, 4 дүгээр сард болох ЕХ-ны Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцүүлэх гэж байна. Ер нь бол Итали улс “Шинэ Торгоны зам” төсөлд оролцож байгаа нь ЕХ-ны нэгдмэл байр суурьтай яагаад ч авцалдахгүй байгаа юм.   


Италийн засгийн газар Хятадтай хоёр талын гэрээ байгуулснаараа өөрийн улсын компаниудыг Хятадын зах зээлд өргөнөөр нэвтрүүлэх, түүнчлэн Триест, Генуя зэрэг боомтуудыг дорно зүгийн орнуудтай хийх худалдааны зангилаа газар болгоно гэж найдаж байна. Италийн засгийн газрын “амиа бодсон” энэ бодлого нь тус улсын сан хөмрөг хоосорч, эдийн засаг нь зогсонги байдалд орсонтой холбоотой. Түүнээс гадна, 5G сүлжээг хөгжүүлэх талаар Италид явуулж буй Хятадын “Хуавэй” концернийн үйл ажиллагааны талаар “чимээгүй өнгөрөх” тухайд  Итали-Хятадын хоёр талын хэлэлцээрт тусгасан аж. Одоогоор барууны орнуудад Хятадын технологийн салбарын тэргүүлэгч болох “Хуавэй” компанийн эсрэг томоохон кампанит ажил өрнөж байгаа билээ.  Их Британийн Financial Times сонинд бичсэнээр бол, ЕХ ба АНУ-ын хувьд огт таалагдахгүй байгаа нэг зүйл бол Италид хэрэгжих “Шинэ Торгоны зам” төслийг “Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк” санхүүжүүлэхээр болсон явдал юм. Энэ банкийг Дэлхийн банк зэрэг барууны бусад санхүүгийн байгууллагуудтай адилтгаж болох хятад хувилбар гэж үздэг аж.

Энэ бүх шүүмжлэлийн хариуд Италийн Ерөнхий сайд Конте “хоёр нүүр гаргаж” буй барууны түншүүдээ буруутгасан байна. Учир нь, ЕХ-ны гишүүн 13 жижиг улс дээрхтэй адил хэлэлцээрийг Хятадтай байгуулсан гэх баримтыг түншүүд нь огт дурдахгүй байгаа аж. Түүнээс гадна, “Шинэ Торгоны зам” төсөл нь Триеста болон Генуя дахь терминалуудаар хязгаарлагдахгүй. Эдгээр боомт нь Торгоны замын маршрутын эцсийн цэг нь болж буй Германы Дуйсбургтай төмөр замаар холбогдож байгаа юм. Ромын эрх баригчдын ярьж байгаагаар бол, Герман-Хятадын хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд хүрсэн бол Итали улс нь Хятадын хувьд Европ дахь ердөө 4 дүгээрт бичигдэх түнш нь ажээ. Өөрөөр хэлбэл, италичууд “хятад бялуу”-наас илүү том зүсмийг олж авахыг хүсч байна гэсэн үг.  


Италийн боомтуудыг шинэчлэх ажилд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ гэж Хятад улс амлажээ. Хонконгт хэвлэгдэн гардаг “South China Morning Post” сонинд бичсэнийг үзвэл, боомтууд гэдэг нь юуны түрүүнд Триеста, Генуя, Равенна, Палермог хэлж байгаа аж. Стратегийн ач холбогдол бүхий байрлалтай учраас эдгээр боомт нь Хятадын бараа бүтээгдэхүүнийг Энэтхэгийн далай, Суэцийн сувгаар дамжуулан Европт хүргэхэд асар их ач холбогдолтой юм.

“Шинэ Торгоны зам” төсөл нь Хятад улсыг Ази, Африк, Европ тивийн 80 гаруй улстай холбох ёстой. Хятадууд Европын тивд зөвхөн Италиар хязгаарлагдахгүй, Роттердам, Хамбург, Пирей боомтуудад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Хятадын төрийн өмчийн “COSCO” компани Пирейгийн боомтыг 35 жилийн хугацаагаар түрээслэн авсан бол Пакистаны Гвадар, Шри-Ланкийн Хамбантота боомтууд хятадуудын хяналтанд нэгэнт оржээ. Ийм маягаар хятадууд зээл олгож, улс орнуудыг өрийн ангалд унагаах замаар стратегийн ач холбогдолтой боомтуудыг нь өөрийн болгосоор байна.

Хятадтай ийм маягаар худалдааны хэлэлцээр байгуулах аваас Итали улс Бээжингийн Европ дахь “трояны морь” болж магадгүй гэдгийг АНУ, ЕХ-ны улстөрчид Ромын эрх баригчдад анхааруулсаар байгаа юм. Үүнтэй холбогдуулан Берлин дэх Хятад судлалын MERICS төвөөс “2018 оны 2 дугаар сард Бээжин дэх Европын 27 орны элчин сайд нар зөвхөн Хятадын эрх ашигт үйлчлэх “Шинэ Торгоны зам” төслийг эрс шүүмжилж байсныг” сануулан дурдлаа. Хятадтай хоёр талын хэлэлцээр байгуулах хэрэггүй гэдгийг элчин сайд нар анхааруулаад, зөвхөн ЕХ л Хятадтай эрх тэгш харилцаж чадна гэдгийг сануулжээ. Учир нь, Хятад улс хүчээр сул түншүүдтэйгээ харилцахдаа эдийн засгийн давуу байдлаараа түрий барьдаг байна. Өнгөрсөн оны намар Бээжинд болсон Хятад-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Шинэ Торгоны зам” төсөлд Африк тивийн 28 улс нэгджээ. Харин Европ тивийнхний хувьд, Италийн дараа Грек улс Хятадтай гэрээ байгуулах гэж байгаа бололтой. 

Европын Холбоо нэлээд хүнд байдалд оржээ. Хятадаас хамаарах байдал улам бүр нэмэгдэж, үүнийг зогсоохын тулд юу ч хийх боломжгүй болсон байна. Худалдааны шударга бус өрсөлдөөн явуулж байна, Европын хөрөнгө оруулалтыг олигтой хамгаалахгүй байна, кибер тагнуулын ажиллагаа явуулдаг, өөрийн 5G технологийг бусдад тулган хүлээлгэдэг гэх зэргээр европчууд Хятадыг буруушаадаг. Ийм учраас Европын Холбооны зүгээс “хөгжиж буй орон” гэдэг статусыг Хятадад олгосныг цуцлах, Европын Комиссын оролцоогүйгээр хоёр талын хэлэлцээр байгуулахыг хориглох тухай асуудлыг хөндөн тавих гэж байна.

ЕХ-ны энэ төлөвлөгөөг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И эрс шүүмжиллээ. Харин Австрийн Канцлер Себастьян Курц хэлэхдээ, тоон технологийн салбарт Хятад улс илт түрүүлсэн учраас европчууд тус улстай эрх тэгш байдлаар түншилнэ гэдэг нь маш хэцүү гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. "Хуайвэй" компанийн 5G технологиос татгалзахыг америкчууд уриалсаар байгаа хэдий ч уг технологийг орлох зүйл одоогоор алга. 

Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: https://inosmi.ru/politic/20190325/244809288.html

 

Холбоотой мэдээ