Монгол, БНСУ-ын залуусын бизнес зөвлөл байгуулах санаачилгыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-26 13:43:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнтой ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр уулзсанаас хойш ийнхүү дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Харин ноён Ли Наг Ёнг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний халуун дотно мэндчилгээг дамжуулав.


Уулзалтын үеэр, 2020 онд Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болох бөгөөд энэ ойг өндөр хэмжээнд, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх саналтай буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлж, энэ хүрээнд хоёр улсын залуусын бизнес зөвлөл байгуулах санаачилга гаргаж байгаагаа хэллээ. Тухайлбал, Монгол Улсад хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт бизнесийн орон зай, харин БНСУ-д технологи байгаа учраас хоёр орны залуусыг уялдааг хангах бизнес зөвлөл байгуулах бүрэн боломжтой гэлээ. Мөн тэрбээр залуусын зөвлөл байгуулах талаар хийсэн судалгаа, төслүүдийг БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнд гардуулав. Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан зүүн Азийн төмөр замын сүлжээг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлж, энэ нь далайд гарцгүй Монгол Улсад хэрэгтэй санаачилга хэмээсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохдоо Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан байгууллага байгуулах санал гаргасан талаараа эргэн санууллаа. Монгол Улс нар, салхи, нүүрсний зэрэг хямд эрчим хүч үйлдвэрлэлээр БНСУ, Япон улсын эрчим хүчний оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх төсөл, судалгааг товч танилцуулав. Энэ нь бүс нутгийг энх тайван байлгах, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цохон тэмдэглэлээ.


БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён 2020 онд болох Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд одоогийн Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэл болгохын тулд хичээн ажиллахаа хэлээд, ойн хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн талаар ярив. Тухайлбал, агаарын тээвэр, улс хооронд зорчих асуудал зэргийг сайтар ярилцах болсон талаар мэдээлж, эдгээр асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг анхаарлаа хандуулахыг хүслээ. Мөн залуусын бизнес зөвлөл байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.


Уулзалтын үеэр мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-руу зорчих визийн асуудлыг хөндөн ярьсан юм. Жишээ нь, монгол иргэд БНСУ-д богино хугацаанд зорчин ирдэг ч буцаж явахад нь асуудал тулгардаг. БНСУ-д байх хугацаандаа визийн зөрчил гаргаагүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргаж өгөхөд анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёноос хүслээ.


Уулзалтын төгсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд мэндчилгээ дамжууллаа.

Холбоотой мэдээ