БНЭУ-ын элчин сайд Сомнат Гош Ховд аймагт айлчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 15:48:25

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гош Ховд аймагт хоёр өдрийн айлчлал хийж байна. Тэрээр Монголын 21 аймгаас Ховд аймгийг олон ястны өлгий нутаг гэдгээр онцолж айлчлал хийж байгаа аж.

Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд БНЭУ-ын Элчин сайд Сомнат Гошыг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтанд Засаг даргын орлогч Ч.Чинбат, ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаяр нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын хүрээнд Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Засаг дарга Д.Цэвээнравдан аймгийнхаа талаар танилцуулга болон ойрын үед дэвшүүлсэн хөгжлийн зорилтоо танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ “Ховд аймаг ОХУ, БНХАУ-ыг холбосон логистик төв болон хөгжих зорилтыг бид бүхэн өмнөө тавиад ажиллаж байна. Ховд аймгийг хөгжүүлэх таван зорилтыг дэвшүүлэн, түүнийг хэрэгжүүлэхийг зорилго болон ажиллаж байгаа. Үүнд: ХАА-н 95 хувийг  нүүдлийн МАА болгох, Алтайн буюу баруун бүсийн таталцлын төв болон хөгжих, Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх. Тэр дундаа эко аялал, этник аялал, тусгай сонирхлын гэсэн гурван чиглэлд эрчимтэй хөгжүүлэх,Үйлдвэржлэлтийг хөгжүүлэх. Төрөл бүрийн үйлдвэрт хэрэглэгддэг орчин үеийн технологиудыг нэвтрүүлэх, Аймгийн нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсэгт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх. Газар нутгийн бага хэмжээний хэсэгт нүүрс, газрын тос, зэс зэрэг цөөн нэр төрлийн ашигт малтмалын олборлолт хийх  зорилт дэвшүүлж байна гэв.
Үүнээс гадна Ховд аймаг сүүлийн үед, зам харилцаа агаарын тээвэр нэлээд хөгжиж ОХУ, БНХАУ-ыг холбосон хамгийн дөт зам манай аймгийг дайран өнгөрч байгаагаа онцлогтой. Удахгүй ОХУ-ын Новосибирск, Казакстаны Астана, Алмата, БНХАУ-ын Хөх хот, Үрэмч зэрэг хотууд руу нислэг хийхээр ярилцаж байгаа” гэлээ. 

А.Бямбасүрэн
 

Холбоотой мэдээ