Ерөнхийлөгч тусгай олимпын зуны наадамд оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзав
Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 8-22-нд болсон оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадамд Монгол Улсаас 28 тамирчин оролцож 3 алтан, 7 мөнгөн, 9 хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай иржээ.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газраас медаль хүртсэн тамирчдад мөнгөн урамшуулал олгож байгааг сайшаан, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн дунд болох аливаа тэмцээн, уралдаанд төр, засгаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байх ёстой хэмээн цохон тэмдэглэлээ. Дэлхийн 192 орны 7500 гаруй тамирчин оролцсон олимпын наадмаас 19 тамирчин медаль хүртсэн нь өндөр үзүүлэлт юм. Цаашдаа олимпоос олимп хоорондын тэмцээн, уралдаанд оролцож, амжилт үзүүлэхийг зорих хэрэгтэй гэдгийг дурдсан юм.
Уулзалтын үеэр хүүхдүүд олимпын наадамд оролцсон талаарх сэтгэгдлээ хуваалцаж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дурсгалын зураг авахуулав.
Оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын зуны наадамд оролцсон Монголын баг, тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэрээ тэдэнд амжилт хүсч, олимпын нээлтэд мандуулах Монгол Улсын төрийн далбааг гардуулж байсан юм.