Мюллер “Оросын хэргийг” шалгаж дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-23 09:55:57

ВАШИНГТОН. /TASS/. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг тусгай прокурор Роберт Мюллер шалгаж дууссан байна. Тэрбээр мөрдөн шалгах ажлынхаа тайланг АНУ-ын Ерөнхий прокурор Уильям Баррт шилжүүлэн өгсөн тухай "Fox News"  суваг баасан гарагт мэдээлжээ.


Мюллер 2017 оны тавдугаар сард эхлүүлсэн мөрдөн шалгахаа ажлаа дуусгаж буй нь энэ юм. “2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон болон үүнтэй холбогдох хэргүүдийг мөрдөн шалгах ажил дууссаныг би та бүхэнд мэдэгдэж байна” гэж Барр АНУ-ын Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын хууль зүйн хороодод илгээсэн захидалдаа дурджээ. Захидалд мөн “тусгай прокурор мөрдөн шалгах ажлынхаа хүрээнд гаргасан шийдвэрээ тайлбарласан нууц тайлангаа өгсөн болохыг” онцлон тэмдэглэсэн байна.


“Тайланг судалж байгаа бөгөөд тусгай прокурорын хийсэн гол дүгнэлтүүдийг та бүхэнд энэ амралтын өдрүүдэд танилцуулах боломжтой” гэж захидалд цохон тэмдэглэжээ. Барр мөн “зохих хуулийн дагуу Конгресс болон олон нийтэд дэлгэж болох өөр ямар мэдээлэл баримт бичигт байгааг тодруулахын тулд” Мюллертэй өөртэй нь болон АНУ-ын Хууль зүйн тэргүүн дэд сайд бөгөөд ерөнхий прокурор Род Розенстайнтай эхлээд зөвлөлдөхөөр төлөвлөж буйгаа онцлон дурдсан байна.


2016 онд болсон Америкийн сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцсон гэж тус улсын тусгай албаныхан ОХУ-ыг буруутгаж байгаа юм. Энэ хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга асан Роберт Мюллер болон Засгийн газрын хуульчдын баг 2017 оны тавдугаар сараас шалгаж эхэлжээ. Сонгуулийн компанит ажлын үеэр Оросын албаны хүмүүстэй хууль бусаар холбоо тогтоосон гэж сэжиглэж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний туслах нэг бус удаа няцаасан байна. Москва мөн Америкийн сонгуулийн үйл явцад нөлөөлөхийг оролдсон гэх нотолгоог удаа дараа няцаасан билээ.


Холбоотой мэдээ