МХБХ-ны Ү их хурал үр дүнтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-21 13:42:55

Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит Ү их хурал бямба гарагт Худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн Хурлын танхимд болов.

Их хурлаар холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарын нэг жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагааны тайлан, 2015 оны санхүүгийн тайлан, 2016 оны төсөв, холбооны Ёс зүйн хороо, Сахилгын хороо, Маргаан таслах хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа. Их хуралд сонгогдсон 52 төлөөлөгчөөс 46  нь оролцсон байна.

Ерөнхийлөгч А.Ганбаатар өнгөрсөн нэг жилийн хугацаанд холбооны удирдлагын шинэ бүрэлдэхүүн гар нийлж ажиллан тавьсан зорилтоо хэрэгжүүлж байгааг дурдаад цаашид улам эв нэгдэлтэй байж шүүмжилдэг биш, оролцдог  зарчмыг бий болгоё, хамтын ажиллагааны үр дүнд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн хөлбөмбөгийг хөгжүүлж цаашлаад үндэсний шигшээ багийнхаа чанар чансааг дээшлүүлэх тал дээр илүү анхаарч нэг зүгт хамтдаа урагшлахыг уриалав.

Тэрчлэн холбооноос хөлбөмбөгийн спортыг бүх аймагт жигд хөгжүүлэх, хөлбөмбөгийн спортоор хичээллэгчдийн хүрээг өргөжүүлэх, тэмцээний шагналын санг нэмэх, дасгалжуулагч, шүүгчдийн ур чадварыг дээшлүүлэх, орон нутгийг талбайтай болгох хөтөлбөрийг цаашид өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Орон нутаг дахь салбар зөвлөл нь нийслэл, дүүрэг, аймгуудын нутгийн биеийн тамир, спортын төрийн байгууллагууд болон орон нутгийн зөвлөл, нутгийн хөгжлийн сангуудад үйл ажиллагаагаа байнга танилцуулж тэдэнтэй нягт холбоотой ажиллах, ивээн тэтгэгчдийг өргөжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгааг анхаарууллаа.

МХБХ нь шилэн дансны хөтөлбөрийг спортын төрийн бус байгууллагууд дотроос идэвхтэй хэрэгжүүлж буйг онцлов. 2015 оны санхүүгийн гүйцэтгэлийн тайланд ФИФА, Азийн хөлбөмбөгийн холбооноос жил бүр олгодог 250 мянган ам.доллар, 385 сая төгрөгийг маркетингийн үйл ажиллагаагаар олсныг онцлон дурдаж 2016 оны төсвийг хоёр тэрбум 43 сая төгрөгөөр батлахдаа 837 сая төгрөгийг ивээн тэтгэгчдийн дэмжлэг, маркетингийн үйл ажиллагаагаар олох зорилт тавьсан байна.

Их хурлаар Ёс зүйн хороо, Сахилгын хороо, Маргаан таслах хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталж шинээр байгуулсан хороодын бүрэлдэхүүн тус тусын дарга нараа сонгов.

Ёс зүйн хорооны даргаар хуульч Э.Золжаргал, Сахилгын хорооны даргаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Батсүх, Маргаан таслах хорооны даргаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Ганбаатар нар сонгогдсон байна. Дээрх 3 хорооны дүрмийг ФИФА, Азийн хөлбөмбөгийн нэр бүхий хороодын дүрэмтэй уялдуулан боловсруулсан байна.

Төлөөлөгчид  дүгнэлт, санал бодлоо хэлж аливаа тэмцээний хугацааг тогтоохдоо тухайлбал дунд сургуулийн амралтын хугацаатай уялдуулж байх, хөдөөгийн клубуудыг нийслэлд тэмцээнд ирэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байх, өсвөрийн багуудад ивээн тэтгэгчдийн оролцоог нэмэх, футзалын тэмцээний төсвийг нэмэгдүүлэх, санхүүжилт, орлогын шинэ эх үүсгэврийг эрж олох, шилдэг дасгалжуулагч, шүүгч, хөлбөмбөгчдийг болон ивээн тэтгэгчдийг урамшуулж байх зэрэг үнэтэй санал гаргасан байна.

Холбоотой мэдээ