Иргэд НӨАТ-ын баримтаа мессежээр бүртгүүлэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-21 12:11:57

НӨАТ-ын 7 дахь сугалаанаас 1 азтан 400 сая төгрөг хожсон ч www.ebarimt.mn цахим хуудсанд баримтаа бүртгүүлээгүй байгаа талаар НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга мэдээлэв.

400 сая төгрөгийн азтан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Амгалан дахь “Оргил” худалдааны төвөөс энэ оны 1 дүгээр сарын 27-нд худалдан авалт хийсэн байна. НӨАТ-ын хуулийн дагуу сугалаанд хожсон иргэн тохирол явагдсан өдрөөс хойш 3 сарын сарын дотор www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлсэн байх ёстой юм. Дээрх хугацаанд баримтаа бүртгүүлээгүй бол шагналын мөнгийг олгох боломжгүй хэмээн Р.Отгонтулга захирал хэллээ.

Тэрбээр, “Өчигдөр болсон сугалаагаар 24 сая 507 мянган баримтаас азтануудаа тодруулсан. 400 сая болон 20 сая төгрөгийн эзнээр тодорсон 2 азтан баримтаа бүртгүүлээгүй байна. Баримтаа бүртгүүлсэн тохиолдолд бид албан ёсоор нийтэд зарлах болно.

Энэ оны 1 дүгээр сарын 01-нээс хойш нийт 7 удаагийн тохирол зохион байгуулсан бөгөөд нийт 70 мянга 470 азтан хоёр тэрбум 931 сая 40 мянган төгрөг хожжээ. Үүнээс 5942 иргэн www.ebarimt.mn цахим хуудсанд баримтаа бүртгүүлж, 234 сая 420 мянган төгрөгийн буцаан олголт хийсэн. Үлдсэн иргэд бүгд баримтаа бүртгүүлээгүй байгаа тул тохирлын мөнгөө авч чадаагүй байгаа юм. Тиймээс иргэдийг бүртгүүлээгүй баримтуудаа нэн дариу бүртгүүлэхийг уриалж байна” хэмээв.

Мөн төслийн нэгжээс иргэдийн баримтаа бүртгүүлэх боломжийг өргөтгөх шинэ шийдэл нэвтрүүлж буйгаа танилцуулав.

Иргэд гар утаснаасаа "13 13 13" гэсэн тусгай дугаар руу сугалааны дугаар болон үнийн дүнгээ мессежеер явуулснаар баримтыг автоматаар бүртгэх аж. www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлсэн иргэд бүгд өөрийн гар утасны дугаараа оруулсан бөгөөд тухайн дугаараас мессеж ирэхэд өөрийнх нь хуудсанд бүртгэгдэх юм. Харин бүртгүүлээгүй иргэд мессеж явуулсан тохиолдолд www.ebarimt.mn цахим хуудсанд автоматаар хуудас үүсгэж, нэр болон нууц үгийг нь буцаан илгээх юм. Мессеж илгээхэд тухайн гар утасны оператор компанийн ханшаар буюу 20-24 төгрөгөөр явуулах аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ