АХБ Монголын нарны станцыг анхлан санхүүжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-03-20 18:50:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутаг Хөшигийн хөндийд нарны цахилгаан станц баригдаж байна.

Тус станцын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 18.7 сая ам.долларын зээлийн гэрээг өнөөдөр АХБ, Азийн дэд бүтцийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан (Leading Asia private infrastructure fund (LEAP), “Тэнүүн гэрэл констракшн” болон “Сермсанг пауэр корпорейшн паблик” компанийн хооронд байгууллаа.

Гэрээгээр 15 мегаватт (МВт)-ын хүчин чадал бүхий нарны цахилгааныг барьж дуусган ажиллуулах бөгөөд тус станц манай улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг төвийн эрчим хүчний системд цахилгаанаа дамжуулах юм.

“Тэнүүн гэрэл констракшн” ХХК-тай байгуулж буй Хөшигийн хөндий дэх нарны цахилгаан станцын төсөл нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт АХБ болон LEAP сангийн хамтран олгож буй анхны санхүүжилт болж байна. АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал ноён Майкл Барроу зээлийн гэрээ байгуулах үеэр хэлэхдээ, “Энэ төсөл нь Монгол Улсын хуурай, сэрүүн уур амьсгалд тохируулан хувийн хэвшлийн боловсруулсан техникийн шийдлүүдийг хослуулж байгаа”-г онцлоод, "Япон болон Тайланд улсад нарны цахилгаан станц барьж байгуулан ажиллуулж буй дэвшилтэт технологи бүхий үйл ажиллагааны туршлагыг Монголд нутагшуулж буй нь төсөл амжилттай хэрэгжих нөхцөл болно гэдэгт итгэж байна” гэв.


Нарны эрчим хүчний дээрх төсөл хэрэгжсэнээр манай улсад жилд 22.3 сая квт цагийн цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн жилийн ялгаруулалтыг 26.400 тонноор бууруулах аж. Түүнчлэн эрчим хүчний салбарын суурилсан нийт хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний оролцоог 20 хувьд хүргэх нь. 2017 онд дээрх хэмжээ 12 хувь байв.



Нарны цахилгаан станцын төслийг гүйцэтгэгч “Тэнүүн гэрэл констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Тайланд улсын “Сермсанг пауэр корпорейшн паблик” болон Японы “Шарп энержи солюшнс корпорейшн” болон манай улсын “АМОЕ солар”, мөн “Эс эйч энержи солюшн” компаниуд юм.

Харин дээрх төсөлд хамтран оролцож буй Азийн дэд бүтцийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын (LEAP) сан нь Ази, номхон далайн бүс нутагт АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдэд дутагдаж буй санхүүжилтийг нөхөж, тэдгээр төсөлд олгох санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд байгуулсан, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас санхүүжүүлж, үйл ажиллагааг нь АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газар удирддаг юм байна.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

 

 

 

 

Холбоотой мэдээ