Хүүхдэд эх хэлийг сайн эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 10:45:29

Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн сургалтын чанар сүүлийн арваад жил 21 дүгээр байр буюу «баян ходоод» хэвээрээ явна. Үүний шалтгааныг хүмүүс янз бүрээр тааварладаг ч тодорхой шалтгааныг нь хараахан гаргаж ирээгүй л байна.

Зарим сэхээтнүүдийн тайлбараар бол үндэсний онцлогтой тус аймгийнхан хүүхдэд хар багаас нь эх хэлийг нь сайн эзэмшүүлэхгүй байна гэдэг. Энэ талаар сургалтын бодлогод нааштай алхмууд хийгдээд эхэллээ.

Харин Монгол Улсын гавьяат багш В.Суранхүү энэ талаарх сэтгэдэлдээ, Монгол хэлний шалгалтаас амжилттай дүн авч байж их дээд сургуульд элсэх бусад шалгалтанд орно. Үүнийг тойрч гарах гарц байхгүй. Ноднин шалгалт хоёр дахин авсан, энэ жил тэгэхгүй. Урьдчилсан шалгалтанд 1700 гаруй хүүхдээс 600 орчим нь оролцоогүй, оролцсон нь 80 гаруй хувийн хангалттай дүн үзүүлсэн байна. Зарим төрийн албан хаагч төрийн албаны хэлээр зөв ярьж, бичиж чадахгүй байна. Иймд монгол хэлний багш нарыг чадваржуулах, сурагчдад ном уншуулах зэрэг монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэх орчин бий болгох, шалгалтанд тест, уламжлалыг хослуулан хэрэглэх хэрэгтэй байна гэж ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ