"Алим хазсан бүсгүй" гар утастай "заларлаа"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-19 16:54:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн дэлхийн 111 шилмэл уран зурагтай номон галарейгаа олон нийтэд өнөөдөр танилцууллаа. “Алим хазсан бүсгүй” хэмээх энэхүү ном нь түүний дэлхийн сонгодог  уран зургийн талаарх бие даасан гурав дахь бүтээл юм. 

Өмнө нь дэлхийн сонгодог болон орчин үеийн уран зургийн тухай “Сонсдог галерей” цомог, “Пикассо ирлээ” номууд хэвлүүлэн олны хүртээл болгосон. Түүний энэ удаагийн шилмэл уран зурагтай номон галерейн эхний хуудсаас л Францын Парис хотын Луврын музей эсвэл ОХУ-ын Санкт Петербургийн Эрмитаж, Москвагийн Третьяковын галерей, АНУ-ын Нью-Йоркийн Метрополитенд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрөх аж. Италийн сэргэн мандлын үеэс эхлээд Франц, Голландын уран зураг, Оросын сонгодог реалист зураачдын бүтээлээр дамжин орчин үеийн зураачдын бүтээлүүд болон Леонардо Да Винчи, Пабло Пикассо, Сальвадор Дали, Ван Гог, И.Шишкин, Энди Уорхол, Анжела Жерих... гээд хүн төрөлхтний үе үеийн уран зургийн төлөөлөгчдийн бүтээлтэй танилцана. 

Сэргэн мандалт болон шинэчлэлийн үе, Сонгодог болон импрессионизмын үе, Авангардизм, кубизм, сюрреализм, Орчин үе, Сальвадор Далитай шинэ үе гэсэн таван бүлэгтэйгээс гадна номын төгсгөлд дэлхийн уран зургийн түүхийн үе шат, уран зургийн урсгал, чиглэл, төрөл хийгээд дэлхийн шилдэг уран зургийн галерей, музейнүүдийн тухай мэдээллийг оруулжээ . Өмнөд Солонгосын зураач Ким Донг Кюгийн зурсан “Алим хазсан бүсгүй” зургаас л "Алим хазсан бүсгүй" номын учир аяндаа ойлгогдох аж.  


Ө.Рагчаасүрэнгийн тайлбарласнаар, номынх нь хавтасны зураг нь  орчин үеийн солонгос зураачийн бүтээл. Пикассогийн зурсан 1932 оны Мари бүсгүйн хөрөгт iPhone гар утас нэмсэн байгаа. Тэр үед ухаалаг утас сураггүй байсан цаг. Тэгэхээр хуучин шинэ хоёр өөр цаг хугацааг нэг дор авчирсан сэтгэлгээ зурган дээр илэрч байна. Хажууд нь Хятадын үндэсний гохуа уран зураг байгаа нь өрнө, дорнын уран зургийн өнгө аясыг нэгэн доор үзүүлж байгаа юм. Бүсгүй рүү нисэн ирж байгаа хоёр шувуу бол  их зураач Пабло Пикассогийн "Уран зураг ойлгоё гэвэл шувуудын жиргээг мэдэр" хэмээх гайхалтай үгийн санаа. Ямар ч хүний сэтгэл шувууд жиргэхэд сэргэдэг. Тэгэхээр хүмүүс оюунаа баясгахын тулд уран зураг үзэх нь хэчнээн сайхан. Шувуу жиргэж байгаа нь хүмүүсийг галерейд ирж уран зураг үз" гэсэн мэссэж юм байна.

Холбоотой мэдээ