Эрдэнэцагаан суманд гал түймэртэй тэмцэх чиглэлээр хийж буй ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-13 23:50:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар, Мал эмнэлгийн газрын дарга М.Молорчимэг болон холбогдох албаны мэргэжилтнүүд 03 дугаар сарын 12-нд Эрдэнэцагаан суманд ажиллалаа. Гал түймэр болон малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийг мөрдөж ажиллахыг сануулав.

Эрдэнэцагаан сум бол Сүхбаатар аймгийн түймрийн эрсдэл өндөртэй сумдын нэг. Мөн аймаг төдийгүй Монгол орны зүүн урд хилийн нутаг. Тийм учраас тус суманд 2016 онд гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийг байгуулсан. Шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчнээр тодорхой хэмжээнд хангагдсан салбар ангийн хамт олон өнгөрсөн онд хээрийн гурав, ахуйн 10 түймрийг унтраажээ. Ер нь тус суманд салбар анги байгуулсанаар гал түймрийн тоо буурч, шатах газар нутаг, хохирлын хэмжээ ч эрс багассан гэдгийг аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Энхбаатар онцоллоо.

Сумын Засаг дарга Ө.Батсайхан гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулахдаа, Улсын Онцгой комисс болон аймгийн засаг даргын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтэд онцгойлон анхаарч ажиллаж байна, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт сурталчилгааг ААНБ, хувийн хэвшил, айл өрхүүдээр явж хийж байна. Мөн тараах материал, брошурыг өөрдийн нөөц бололцоонд тулгуурлан хийж иргэд болоод замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт тарааж өгч байгаа. Сумын Цагдаагийн тасгийн замын байцаагч орж, гарч байгаа техник хэрэгсэлд хяналт тавьж, яндангийн оч баригчтай байх шаардлагыг тавьж байна. Цаашид одоо хийж буй ажлаа илүү эрчимжүүлж, үр дүнтэй байлгах тал дээр анхаарч ажиллана гэлээ.

Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Шадар сайд Ө.Энхтүвшин манай аймагт ажиллах үеэрээ улсын хэмжээнд харын зуд болж айгааг онцгойлон анхааруулсан.Тиймээс бид хуурайшилттай буй энэ үед байнгын сонор сэрэмж, анхаарал болгоомжтой байж, урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх ёстойг анхааруулсан. Эрдэнэцагаан сумын хувьд гал унтраах ангитай гэдгээрээ давуу талтай гээд тайван байж болохгүй. Улсын онцгой комиссын болон аймгийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлаа илүү нарийн төлөвлөн хамрах цар хүрээг нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгов.

Харин малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өвчлөмтгий малыг вакцинжуулах ажил хийж байгаа. Одоогоор сумын хэмжээнд уг ажил 50 орчим хувьтай үргэлжилж байгааг Мал эмнэлгийн тасгаас мэдээлэв.

Мөн энэ ажлын хэсгийнхэн гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангитай танилцсан юм. Улмаар Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ шийдвэрлэсэн пургон автомашиныг тус ангид шилжүүлэх болсныг албан ёсоор мэдэгдсэн юм.

 

Холбоотой мэдээ