“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн 7 хоног үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-03-13 18:15:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУЯ-наас Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллага, МУИС, ШУТИС-тай хамтран хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг сурталчлах 7 хоног үргэлжилж байна.

Хоёрдугаар сарын 27-нд төслийн хүрээнд МУИС, ШУТИС-д хэрэгжиж буй хамтарсан судалгааны 20 багийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор МҮОНТР-тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар эхэлсэн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг сурталчлах 7 хоног энэ гуравдугаар сарын 11-12-нд МУИС-ийн номын санд болсон Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал, судалгааны багуудын үзэсгэлэнгээр үргэлжилсэн юм.




Тэгвэл өнөөдөр төслийн хүрээнд коосэн, бакалаврын хамтарсан хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад зориулсан зөвлөх лекцийг “Мобиком корпорацийн захирал Хамада Тацүяа, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг, JCI байгууллагын гишүүн “Positive Mind” төслийн сургагч багш Г.Хонгорзул нар уншлаа.

Мобиком-ын захирал Хамада Тацүяа “Гэрэлт ирээдүйн төлөө” сэдвээр япон хэлээр тавьсан илтгэлдээ, мөрөөдлөө төлөвлөгөө болгон амжилтад хүрэх талаар зөвлөж, оюутнуудын сонирхсон асуултад хариулав. “Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг их, дээд сургуулиудын хөгжлийн хандлага, эрэлттэй мэргэжлүүд болон шинэ оюутнууд юун дээр алдах хандлагатай байдаг, юу анхаарах талаар зөвлөлөө. “JCI байгууллагын гишүүн “Positive Mind” төслийн сургагч багш Г.Хонгорзул эерэг зөв хандлагын талаар илтгэл тавьж оюутан залууст урам зориг өгсөн юм.





“Инженер, технологийн дээд боловсрол” төслийг сурталчлах 7 хоног маргааш судалгааны лабораториудын нээлттэй өдрөөр үргэлжилж, гуравдугаар сарын 15-нд болох Япон улсад суралцах оюутнуудад батламж гардуулах ёслолоор дуусна. Харин дөрвдүгээр сарын 9-нд төслийн хүрээнд Япон улсын Үндэсний технологийн (Коосэн) сургуульд суралцаж төгссөн анхны оюутан төгсөгчдийг угтан авах  “1000 инженер-ажлын байр” нээлттэй өдөрлөг болох юм. “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойших таван жилд нийт 423 оюутан, багш, судлаач Японд мэргэжил олгож, мэргэжил дээшлүүлэх сургалт, судалгааны ажилд хамрагдаад байгаа юм. Үүнээс Коосэн сургалтын хөтөлбөрөөр 85, бакалаврын түвшинд 55, магистр, докторын зэрэгт 74, зэргийн бус сургалтад 209 хүн хамрагджээ. ШУТИС-ийн бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр 52 оюутан суралцсанаас:

  • механик инженерээр 25,
  • барилга, хүрээлэнгийн орчны инженер 21,
  • архитектураар 6 байгаа юм.

Энэ жил Япон улс руу коосэн, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт 90 гаруй оюутан суралцахаар явах гэж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ