Гэр бүлийн хүчирхийлэлтэй нийтийн хүчээр тэмцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 21:33:37

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран “Бидний амьдрал гэрэлт ирээдүй” сэдэвт аяныг 2, 3 сард хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад салбаруудын оролцоо” зөвлөлгөөнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд аймгийн Шүүх, Прокурорын газрын төлөөлөл, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, сумдын Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, цагдаагийн хэсгийн төлөөлөгчид, Арвайхээрсумын 11 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан зэрэг нийт 80 гаруй хүн оролцсон бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн үндэс шалтгаан, түүнийг бууруулахад хэрхэн ажиллах талаар зөвлөлдсөн юм.

Өвөрхангай аймагт үйлдэгдэж гэмт хэргийн 80 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гарч байгаа бөгөөд түүний 80 хувь нь архидан согтуурахаас үүдэлтэйгээр гэр оронд үйлдэгдэж байгаа аж. Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнхдээ нуугдмал байдаг учраас иргэдийн оролцоог нэмэгдүүлж, салбар дундын үйл ажиллагааг нэгдмэл байлгах нь чухал гэдгийг оролцогчид хэлж байв. Нийтийн хүчээр тэмцэхгүй бол зөвхөн Цагдаагийн байгууллага дангаар ажиллаад хүчрэхгүй нь гэдгийг тус албаныхан ч хэлж байлаа. 

Өмнөх жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийг тухайн айл өрхөд л хамаатай зүйл хэмээн ойлгож ирсэн бол одоо нийгмийн тулгамдсан асуудал хэмээн авч үздэг болсон. Хүчирхийллээс үүдэж хүүхэд, эмэгтэйчүүд эрүүл мэндээ, сурч боловсрох эрхээ, ажиллах чадвараа алдаж байгаа учраас холбогдох бүхий л байгууллагын хэмжээнд хамтран ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг зөвлөгөөнөөс гаргаж, уриалга дэвшүүлсэн юм. Мөн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд энэ сэдвээр илтгэлийн уралдаан явуулж, Хархорин сумын дунд сургуулийн сурагч Д.Сэвжидмаа, МСҮТ-ийн оюутан Г.Энхбат нарын илтгэлийг шалгаруулан зөвлөгөөний үеэр хэлэлцлээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ