Налайхын замыг ирэх сараас шинэчилж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-12 13:35:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайхын замыг өргөтгөн шинэчлэх гэрээнд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, БНХАУ-ын “Синохайдро Корпорейшн лимитед” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жианг Гуо нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамыг өргөтгөж, шинэчлэхэд БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх юм. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан,  "Налайхын зам бол нийслэлийн хөгжил дэвшил, иргэд, оршин суугчдын аюулгүй зорчихтой холбоотой чухал дэд бүтцийн нэг. Улаанбаатар хотыг зүүн бүсийн аймгууд, Замын-Үүд, Чойртой холбосон ачаа болон хүн тээвэр, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой бараа эргэлтийг нэмэгдүүлэх гээд асар өндөр ач холбогдолтой зам юм” гэдгийг тэмдэглэв.

Тэрээр, “Нийслэлийнхэн өвөл, зунгүй Горхи Тэрэлж, Цонжинболдогийн аялал жуулчлалын газрууд руу явдаг. Монгол Улсад жилдээ ирдэг 600-700 мянган гадаад, дотоодын зочид бүгд энэ замаар зорчдог. Аюулгүй байдал асар хүнд нөхцөлд байна. Иймээс Налайхын замыг яаралтай шинэчлэх нь анхаарлын төвд байсаар ирсэн. Засгийн газар болон нийслэлээс шаардлагатай арга хэмжээг авч, “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компани замын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлж, 2019 ондоо багтааж бүрэн ашиглалтад оруулах гэрээг өнөөдөр үзэглэж байна.


Замын ажилд орон нутгийн иргэд, ажилчид туслан гүйцэтгэгчээр оролцох боломжтой. Ингэснээр иргэдийг орлоготой, ажилтай болгох юм” гэдгийг онцолж байв.


Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байх юм. Замын бүтээн байгуулалтын зурганд өөрчлөлт оруулж явган хүний болон дугуйн зам хийхээр шинэчилж бэлэн болсныг нийслэлийн удирдлага мэдээлж байна.

Тодруулбал, Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, “Замын барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхэлж, арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахыг Засгийн газар ЗТХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгт үүрэг болгосон. Замыг ашиглалтад оруулах хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байна” гэв.


Хотын захиргаа 2017 оны есдүгээр сард зам тавих газрыг бүрэн чөлөөлжээ. Энэ хүрээнд иргэн, ААН-үүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, нөхөн олговорт нэг тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн зам ашиглалтад орох хүртэл замын хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонхор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийг нэвтрүүлэх юм. Мөн Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ