Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийг 199 сая төгрөгөөр засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-11 18:24:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 92 дугаар цэцэрлэгийг засна. Энэхүү гэрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва болон Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Тус цэцэрлэгийг 1983 онд ашиглалтад оруулжээ. Нийтдээ 150 хүүхэд хүлээн авах зориулалттай тус цэцэрлэгт өнөөдрийн байдлаар, 310 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Цэцэрлэгийн барилгад жил бүр урсгал засвар хийдэг ч дулааны шугам болон дээврийг нь иж бүрэн шинэчлэх шаардлагатай байгааг тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Буянжаргал хэлэв.

Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөртэй хамтран ажилласны 20 жилийн ой энэ онд тохиож буй тул, тус цэцэрлэгт засвар хийх гэрээг ийнхүү үзэглэлээ. Засварт шаардлагатай 199 сая төгрөгийг тус хөтөлбөрөөс санхүүжүүлэх юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэлэхдээ, “Хэдийгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, засах ажлыг хийж байгаа ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. Цаашид хувийн хэвшлийг цэцэрлэг, сургууль барих, засах ажилд татан оролцуулах ажлыг эрчимжүүлнэ” хэмээв.

Дашрамд дурдахад, энэ онд “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн гурван цэцэрлэгийг засах аж.

Холбоотой мэдээ