Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-08 18:19:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шуурхай бүлэг хаваржилт хүндэрч буй Завхан аймагт ажиллаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Тодруулбал, хаваржилт хүндэрч буй талаар аймгийн Онцгой комисс болон аймгийн удирдлагын танилцуулга, саналыг сонсож, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар Цагаанхайрхан, Тэлмэн суманд учирсан хохирлыг арилгахад 25 сая төгрөг, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий албан хаагчдын томилолт, шатахууны зардалд 35 сая төгрөг, Засгийн газрын шийдвэрээр 900 тонн өвс, 680 тонн тэжээл, Цагаанхайрхан суманд түргэн тусламжийн автомашин, Яруу, Тосонцэнгэл, Тэс сумын Засаг даргын Тамгын газарт автомашин олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Мөн худаг засварлахтай холбоотой гарах зардлыг ХХААХҮ-ийн сайдын багцад суулгах, Мал эмнэлгийн ерөнхий газарт ариутгалын ДҮК машин олгох боломжтойг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле мэдэгдлээ.

Одоогийн байдлаар Завхан аймгийн, Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээллээ.

Өнгөрсөн зун, намар бэлчээрийн ургац багатай, өвлийн эхэн сард цас орж дулааран, мөсөн бүрхүүл тогтон, 1-2 дугаар сард удаа дараа хүйтэрч, хүйтний эрч нэмэгдсэн тул мал сүргийг нэмэгдэл тэжээлд оруулаад байгаа аж.  


Энэ өвөл өмнөх жилүүдтэй харьцуулахад цас бага орсон, ирэх 5-6 дугаар сард хур тунадас бага орох, улмаар хуурайшиж, ой, хээрийн түймэр гарах, зуншлага оройтож болзошгүй байна.



Энэ оны 2 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд хүйтний эрч чангарч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө агаарын температур 40-47 хэм, бусад нутгаар 33-39 хэм, хөрсөндөө 47 градус хүрч хүйтэрчээ. Одоогоор нийт нутгаар 2-23 см битүү цастай, цасны дундаж нягт 0.08-0.26 г/см3 байна. Энэ өвөл өмнөх жилүүдтэй харьцуулахад цас бага орсон, ирэх 5-6 дугаар сард хур тунадас бага орох, улмаар хуурайшиж, ой, хээрийн түймэр гарах, зуншлага оройтож болзошгүй байна.

Холбоотой мэдээ