Баянхонгороос олборлосон алтыг орон нутагтаа тушаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-08 23:05:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон Монгол банкны салбарын захирал Г.Олонбаярын санаачилгаар алт худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Холбогдох талуудыг бүрэн хамруулсан тус уулзалт ЗДТГ-ын Иргэний танхимд болсон юм.

Баянхонгор аймгийн өөрийн газар нутгаас олборлуулсан алтыг аймагтаа сорьцлох, арилжааны банкууд болон Монголбанкаар дамжуулан худалдан авах ажиллагааг 2018 оны 10 дугаар сараас эхлүүлсэн. Ийнхүү өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол банкны салбарт 80 орчим кг алт тушаагдсаны 98 хувийг иргэд, 2 хувийг ААН тушаажээ. Цаашдаа тушаалтын хувь хэмжээг өсгөх зорилгоор ашигт малтмал олборлогч ААН, болон бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүд Баянхонгор аймгаас олборлосон үнэт металиа орон нутагтаа тушааж байх зарчмаар ажил өрнөх юм байна.

Харин үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн байгууллагууд, банкууд, хяналтын чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, нэгдсэн системтэй ойлголттой болох зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан онцолж байлаа. Мөн эдийн засгаа дэмжих, мөнгөний урсгалыг дотооддоо хадгалах боломжуудыг судлах, улмаар аймгийн нэгдсэн бодлого шийдвэрт тусгуулах саналуудыг тодорхой болгох зорилгоор тус зөвлөгөөнийг хийжээ.

Уулзалтад аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ХОХБТХэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Үнэт металь сорьцлох лаборатори, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар болон Хаан, Голомт банкны голлох төлөөллүүд оролцож хамтдаа зөвшилцлөө. Мөн үеэр, Талуудад мэдээллийг системтэй хүргэх, зөв ойлголтыг өгөх, орон нутгаас ашигт малтмал олборлогч ААН-үүдийг аймгийн Засаг даргатай байгуулах гэрээнд хонгор нутгаас олборлосон алтыг Баянхонгор аймаг дахь алтны сорьцын лабораториор дамжуулан хонгор нутагт тушаадаг байх заалтыг нэмэлтээр оруулах, УИХ-ын гишүүд, Засгийн газар, яамдад ашигт малтмал олборлосны нөөцийн татварын хувь хэмжээг тодорхой болгож хуулийг батлах, стандартчилал хэмжил зүйн хэлтэст оруулдаг шимтгэлийг орон нутагт оруулдаг болсноор орон нутгийн татварын орлогоо нэмэгдэнэ гэдэг дээр талууд нэгдэв. Түүнээс гадна эдийн засгаа хөгжүүлэхийн тулд бичил уурхай эрхлэгч нар сумдын Засаг дарга нар хамтарсан хариуцлагын гэрээ байгуулж олборлосон алт, үнэт металиа орон нутагт тушаадаг болгохоор шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ