“Монголын өдрүүд” Хойд Америкт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-07 13:56:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын өдрүүд Хойд Америкт-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум ирэх дөрөвдүгээр сарын 23-нд болно.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 23-26-нд АНУ-ын Вашингтон ДС дахь Дэлхийн банкны үндсэн цогцолборт “Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн худалдаа, бизнес форум, сургалт семинар, Монголын язгуур урлагийн тоглолт, кино үзвэр үйлчилгээ, загварын шоу тус тус болж, “Урлагаар шинэчлэхүй” Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн гарах гэж байна. Харин дөрөвдүгээр сарын 28-30-нд Канадын Торонто болон Оттава хотноо, “The National Woman’s Trade Show”, “LLHA” арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, Монгол-Канадын бизнес форум тус тус болно. 


Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр болох “Монголд үйлдвэрлэв-2019” үзэсгэлэн-худалдаа, форумын үеэр нэг талаас Монгол Улсаас АНУ-ын зах зээлд экспортлох гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулж, хэрэглээ, зах зээлийн боломжийн талаар хэлэлцэж, нөгөө талаар АНУ-ын худалдаанд тавьдаг шаардлага, татвар болон зах зээлийн бүтцийг танилцуулна гэж зохион байгуулагч “Экспорт-олон улсын худалдааны төв” ТББ-аас мэдээлж байна. Монголын талын оролцогчдыг гуравдугаар сарын 10 хүртэл бүртгэж байна. 

Б.Болд 

 

Холбоотой мэдээ