Сэлэнгэ аймаг иргэдээ эрүүлжүүлэх, дундаж наслалтыг нэмэгдүүлэх бодлогоо ажил болгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-06 21:55:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг “Халдварт болон Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг оношилгоо”-нд хамруулж эрүүлжүүлэх, дундаж наслалтыг нэмэгдүүлэх тухай бодлого боловсруулан хөтөлбөртөө тусгасан байна.

Энэхүү бодлого зорилтыг бодит ажил болгохын тулд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд аймгийнхаа 20 сум, суурингийн 30 гаруй мянган иргэнийг үзлэгт хамруулж, хүн амын “мэдээллийн цахим сан”-г бүрдүүлээд байна. 

Энэ удаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны иргэдийн дунд энэхүү үзлэгийг зохион байгуулж, тосгоны нийт хүн амын 45.5 хувь буюу 1418 иргэнийг хамруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэжээ. Бугант тосгонд явуулсан үзлэгийн үйл ажиллагааг дэмжиж Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтсийн дарга Б.Энхбат, аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, Бугант тосгоны захирагчийн алба, Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд ард иргэдийн төлөөллүүд оролцсон байна.

Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд дотор, зүрх судас, дотоод шүүрэл, эмэгтэйчүүд, мэдрэл, эрэгтэйчүүд, сэтгэц, шүд, охид, хөвгүүд, нүдний гэх мэт нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж, зөөврийн дижитал рентген аппаратаар цээжний хөндийн эмгэг илрүүлжээ. Мөн ЭХО аппаратын тусламжтайгаар дотрын болон эмэгтэйчүүдийн эмгэг өөрчлөлтүүдийг оношилсон байна. Мөн энэ үеэр “Сүрьеэгүй-Сэлэнгэ хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд хамт олны оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болон ЕБС-ийн 9-12 дугаар ангийн хүүхдүүдийн дунд “Сүрьеэ эдгэрдэг өвчин” сэдэвт дэвжээ тэмцээн, иргэдийн дунд ухуулга сурталчилгаа, соён гэгээрүүлэх чиглэлээр өдөрлөгийн үйл ажиллагааг давхар зохион байгуулсан байна. 

Холбоотой мэдээ