Хайгуулын зөвшөөрөлд сумдын шийдвэрийг үндэслэн аймаг шийдвэрээ гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 17:20:52

Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 16-р хуралдаан болж хайгуулын түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зэрэг 7 асуудлыг авч хэлэлцлээ.

Мөн Баяндалай суманд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай болон орон нутгийн өмчийн тухай, Хилийн цэргийн 0131-р ангийн Цагаан дэрсний заставыг ахмад дайчин А.Жигжидсүрэнгийн нэрэмжит болгох тухай хэлэлцэн баталлаа. Түүнчлэн сүм хийд байгуулах тухай санал аймгийн ИТХ-д ирсэн учир энэ ажлыг ажлын хэсэг байгуулан судалгаа явуулсаны дараа эргэн хурлын хэлэлцэх асуудалд оруулахаар хойшлуулсан юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн асуудалд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид сумдын саналыг үндэслэн шийдвэрээ гаргадаг. Сумын санал дэмжигдээгүй тохиолдолд аймаг мөн дэмжихгүй шийдвэрээ гаргадаг гэсэн үг юм. Энд тухайн газрын бэлчээрийн нөөц, усан хангамж, усны нөөц газар, айлуудын отор нүүдлийн болон түүхийн чухал дурсгалт газруудыг мөн харгалзан үзэж, шийдвэрээ гаргадаг байна.

Энэ удаагийн хуралдаанаар 21 талбайд зөвшөөрөл хүссэн өргөдөл дэмжигдсэнгүй.  Улмаар Өмнөговь аймагт орон нутгийн тусгай хамгаалалтад 1993-2013 оны хооронд авсан 33 газрыг Ашигт малтмалын ерөнхий газар бүртгэлээсээ хассан байгаа бөгөөд эдгээр газарт хайгуулын зөвшөөрөл хүссэн өргөдлөөс ийн 21-ийг нь өнөөдрийн хуралдаанаар зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Цаашид орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газруудыг бүртгэлдээ оруулах талаар холбогдох газарт хандан яаралтай шийдвэрлүүлэх асуудлыг түргэвчилнэ гэж аймгийн хурлын Тэргүүлэгчид ярив. 

 С.Сумьяа

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд