Нийслэлийн Засаг дарга иргэдтэй шууд холбогдох утас ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-05 17:32:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр анх удаагаа болж буй нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнд нийслэлийн төр захиргааны байгууллагын 1000 гаруй удирдах ажилтан, албан тушаалтан оролцлоо.

Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нээж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх үүрэгтэй аж ахуйн нэгжийн удирдлагуудад хандан эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ажиллах талаар тодорхой үүрэг чиглэл өглөө. Тэрбээр, “НИТХ болон Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас гарсан бүх шийдвэр дүүрэг, хороонд ижил түвшинд үйлчилдэг байх нь чухал юм” гэдгийг онцлов. Тодорхой шийдвэр гарсаар байхад түүнийг хэрэгжүүлдэггүй, дур мэдэн өөрчилдөг байдлыг таслан зогсоох ёстой. Баталсан орон тоог хэтрүүлдэг, зөвхөн хэсэг бүлэг хүмүүст зориулсан шаардлагагүй албан тушаалыг баталж, өөрт ашигтай шийдвэр гаргадаг. Үүнийг нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нартай хамтран шийдвэрлэх болно. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүрэх ажлыг эрчимжүүлнэ. Ингэхийн тулд иргэдтэй шууд холбогдож байх утсыг хотын даргын хувьд ажиллуулах болсон”-оо мэдэгдлээ.


Нийслэлийн шинэ Засаг дарга төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх ажлыг эрчимжүүлэхийн тулд иргэдтэй шууд холбогддог утсыг ажиллуулах болсноо мэдэгдлээ.



Эцэст нь, “Улс төрийн ойлголцол, ажил хэргийн эв нэгдэл гэх шалтгаанаар бурууг хаацайлж, элдэв үг болон үйлдлээр ажил цалгардуулахыг хүлээн авахгүй. Хэрэв би өөрөө алдаа дутагдал гаргаж хайхрамж алдан ажиллавал миний явсан суусан газар бүрт шууд сануулж хэлээрэй. Нийслэлийнхний ажил амьдрал, хувь заяатай шууд холбоотой аливаа ажилд туйлшралгүй хандаж, хамтран ажилцгаая” хэмээн уриалж, урин дулаан цаг ирж байгаа тул  нийслэлийн хэмжээнд үүсэж болох эрсдэлийг мэргэжлийн байгууллагууд тооцож, урьдчилсан бэлтгэлээ хангахыг үүрэг болголоо.

Зөвлөгөөнд оролцсон НИТХ-ын дарга Р.Дагва төрийн албан байгууллагын удирдлагуудад хандан хэлэхдээ, “Хотын хөгжлийн төлөө стратеги, тактикийн шинэчлэл хийх зайлшгүй хэрэгтэй байна. Өнөөдөр бидний өмнө үүсээд буй олон асуудлын гол шалтгаан нь ажилгүйдэл юм. Нийслэл хотын хувьд, үүнийг бууруулахын тулд  улсын төсвөөс хараат бус, эдийн засгийн бие даасан бодлоготой болох, хууль эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг суурь өөрчлөлтийг шат дараатай хийх шаардлагатай байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ