А.Эрдэнэжаргал: Бид ааруул, айргаа цэвэр бүтээгдэхүүн гэдгийг тодорхойлуулж чадсанаар АНУ-д экспортлож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-28 17:46:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Корпорейт конвейшн центр”-т болж буй “Export Mongolia-2019” бизнес форумаар дотоодын компаниуд бүтээгдэхүүнээ экспортод гаргаж буй туршлагаа танилцуулав.

Энэ үеэр “Англо фрейт” ХХК-ийн АНУ дахь салбар хариуцсан захирал А.Эрдэнэжаргалтай уулзлаа. Тус компани гадаад дахь салбарууд болон тээвэр ложистикийн төвөөрөө дамжуулан дотоодын компаниудын бүтээгдэхүүнийг баруун Европ болон Америкийн зах зээлд экспортлоход зуучлан туслаж дэмжихээс гадна өөрсдөө ааруул, чацаргана, айргийг хүртэл АНУ-д гаргаж 100 гаруй мянган ам.долларын буюу 300 сая гаруй төгрөгийн экспортын борлуулалтыг хийгээд байна.



-АНУ-ын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй танай компани одоогоор хэдэн төрлийн бүтээгдэхүүн экспортлож байна вэ?

-Бид экспортын стандарт хангах чадамжтай, тодорхой бүтээдэхүүнийг гаргах хэрэгтэй юм байна гэдэг үйл ажиллагаа, туршлага дээрээ үндэслээд эхний ээлжинд ноос, ноолууран бүх төрлийн бүтээгдэхүүн экспортлож байна. Арьс ширэн бүтээгдэхүүний хувьд гутал болон жижиг бүтээгдэхүүнийг гаргаж байна. АНУ-ын стандартын шалгуурыг хангасан гэдгээр мөн гоо сайхны бүтээгдэхүүн экспортлож эх орныхоо “Халгай” брэндийг гаргахад хамтран ажиллаж байна. Хүнсний бүтээгдэхүүнээс чацаргана ааруул, айраг гаргаж байна.

-Экспортод гарч буй хүндрэл бэрхшээл юу байна? Олон улсын стандартыг хангахаас эхлээд импортын татвар төлөх гээд үйл явцыг тодруулна уу?

-Манай экспортлогч нар импортын татвараас эхлээд энэ талаар бодит мэдээллийг олж авч байх нь чухал юм. АНУ-ын хувьд тус улсад ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргахад 10-18 хувийн татвартай байдаг. Арьс ширэн бүтээгдэхүүн дээр 0-17 хувийн, гоо сайхны бүтээгдэхүүнд 0-6.5 хувийн татвар ногддог. Үүнээс гадна АНУ-д худалдааны, орлогын зэрэг бусад өөр төрлийн татварууд байдаг. Гаалийн татвар нь гайгүй боломжийн. Гол нь экспортод бүрдүүлж буй баримт бичиг дээрээ анхаараад олон улсын стандартын НS кодыг зөв тодорхойлж чадвал гаалийн бага, хөнгөлөлттэй татвараар бараа, бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой юм. Энэ талын жишээ дурдахад, 0 хувийн буюу татваргүй нөхцөлөөр гарах бараа бүтээгдэхүүний НS кодоо буруу тодорхойлсноор таван хувийн татвар төлөөд Канад руу экспортлосон тохиолдол гарч байсан.





Дээрх тохиолдолд манай компаниас дэлгэрэнгүй мэдээллээр хангаж, тухайн бараа бүтээгдэхүүний орц, найрлагыг тодорхойлж өгдөг. Ингэснээр НS кодоо зөв болгож байгаа юм. Тухайлбал, манайх ааруулыг 100 хувь малын гаралтэй бүтээгдэхүүн гэдгээр нь бус, аньс, чацарганы хольц нэмэгдэж боловсруулсан цэвэр бүтээгдэхүүн юм гэдэг шинж чанарыг тодорхойлуулж баталж чадсанаар ааруулан үрлээ одоо АНУ-д гаргаж эхэлж байна.

-Айргийг яаж экспортлож байна вэ. Гадаад зах зээл дээр хэрхэн хүлээн авч байна вэ?

-Гадаадынхан бол айраг гэдгийг ойлгохгүй. Ферментэт милк гэдэг байдлаар гаргаж байна, тэгэж хүлээн авч байгаа. Анх айргийг орц найрлагын хувьд ликер бүтээгдэхүүн гэдгээр хүлээн авч, ингэснээр ийм төрлийн буюу хатуулаг бүхий градустай бүтээгдэхүүний импортын татвар нь өндөр ногддог байв. Харин бид айргийг исгэсэн, натур буюу ямар нэг химийн найрлага ороогүй, цэвэр бүтээгдэхүүн гэдгийг тодорхойлуулж чадсанаар татвар бага экспортлох боломжтой болсон. Бид айраг экспортлох эрхээ аваа хоёр сар болж байна. Энэ хугацаанд 1.4 тонн айраг гаргаад байна гэв.





Өнөөдрийн “Export Mongolia-2019” бизнес форумыг “Экспорт-олон улсын худалдааны төв” ТББ-ын санаачилгаар МУИС-ийн Бизнесийн сургууль, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банк хамтран зохион байгууллаа. “Экспорт-олон улсын худалдааны төв” ТББ нь жил бүр АНУ, Канад, Япон зэрэг улсад “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн-худалдаа, бизнес уулзалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр 189 орны төлөөлөл байрлах Дэлхийн банкны төв цогцолборт ирэх дөрөвдүгээр сарын 23-26-нд болох “Монголд үйлдвэрлэв-2019” арга хэмжээний зохион байгуулагчийн нэгээр ажиллаж байна. Өнөөдрийн форум дээр манай улс дахь уул уурхайн бус, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны сүлжээ бий болгох асуудлыг хөндөж байв.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ