Эх орончдын өдрөөр Н.Жамбаа баатрын хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-01 20:48:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Эх орончдын өдөр", МАН байгуулагдсаны түүхт 98 жилийн ойг тохиолдуулан аймаг сумын удирдлагууд, гишүүд дэмжигчид өнөөдөр Монгол Улсын Баатар Н.Жамбаагийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх ёслолоос үргэлжлэн, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны шинээр баригдах ордны шав тавих ёслол боллоо. Тус ордон МАН-ын гишүүдийн хандив тусламжаар сүндэрлэн босох бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Мөн эх орончдын өдөр, МАН-ын 98 жилийн ойд зориулсан баярын хурал аймгийн Хөгжимт драмын театрт болов. Баярын хурлыг аймгийн МАН-ын хорооны дэд дарга Г.Энхбаяр мэндчилгээ дэвшүүлэн нээсэн бол баярын хуралд зориулсан илтгэлийг МАН-ын дэд дарга, аймгийн засаг даргын орлогч Г.Батсуурь тавилаа. Энэхүү илтгэлд эх орныхоо тусгаар тогтнолын бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан эх орончдоо магтан, Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтэд улс төрийн ууган хүчин МАН-ын оруулсан түүхэн гавьяа, гүйцэтгэсэн үүрэг, эх оронч үзлийг Монголын ард түмэнд төлөвшүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан нам гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн аймгийн МАН-ын хорооны дэргэдэх ахмадын холбооны дарга Б.Дагва хэлсэн үгэндээ Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалж үлдэхэд гол үүргийг гүйцэтгэсэн МАН-ын олон арван гавьяат үйлсийг түүхэн баримтуудаар илтгэсэн.

Мөн үеэр МАН-ын үзэл баримтлалыг зөвшөөрсөн үе үеийн 60 шахам хүн гишүүнээр элсэж намын батлахаа гардан авлаа.

Холбоотой мэдээ