Амьгүй биетийн амь бүтээгчид

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-02-27 17:53:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


ЦОГЦ ДОТОРХ ГАНЦ


Аливаа жүжиг хамтын ажиллагааны үр дүнд бүтдэг. Тиймдээ ч “Ард түмний уран зохиол” гэж тодорхойлж болох талаар Жон Сатэрлэнд уншигчдад анхааруулж байсан ч удаатай. Ерөөс бидний мэдэж байх ёстой элдэв зүйлсийн эхний эгнээнд багтах үйл явдал хийгээд бодит үнэний тухай үзлийг урлагийн олон талт байдалтай хослуулан харуулсан бүтээлүүд орчин үед амжилт олж буйг уншигчдад сайн мэднэ.


Гэхдээ урлагт хуурамч баг өмссөн сэтгэхүйгээр аливааг үйлдэгчид бий. Үүнийг ч мөн урлагаар дамжуулан нээх хэрэгцээ шаардагдана. Тэгж байж 20 дугаар зуунд шинээр үүссэн орчин үеийн урлагийн жинхэнэ болоод хоосон төөрөгдөл, эрүүл саруул ухаан хийгээд галзуурал зэргийн ялгаа шинжийг нээн үзүүлэх билээ.


Өнгөрсөн амралтын өдрүүдээр жүжигчингүй жүжиг хэмээх тодорхойлолт бүхий “Амьгүй биет” контемпорари драм олны хүртээл болов. Зохиолч Ө.Үлэмжтөгсийн тус бүтээлийг жүжигчин Я.Билгүүнсар найруулан үзэгчдийн хүртээл болгожээ.




Тиймээс эхлээд контемпорари урсгал чиглэлийн тухай хэдэн үг хэлсэн нь дээр болов уу. Контемпорари харьцангуй орчин үеийн урлагийн төрөл ч гэсэн хийсвэрлэл нь хэтийдчихсэн хэлбэр төдийхөн басхүү оньсого шиг зүйл огт биш. Өнөөдөр дүрслэх урлагт хамгийн ихээр давамгайлж буй тус төрлийн нэгдүгээрт уран бүтээлчийн судалгааны явц, концепц нь үргэлж нэгдүгээрт тавигддаг. Хэлбэр нь ямар ч байдлаар үзэгчдэд харагдаж болох боловч зохиолын гол утга санаа нь хөндөж боломгүй баттай байр сууринд оршиж байдгаараа давуу талтай. Гэвч орчин үеийн энэхүү урсгал чиглэлийг ганцхан өгүүлбэрээр тодорхойлоход нэн төвөгтэй бөгөөд өдгөө бүрэн судлагдаж дуусаагүй гэдэг дээр ихэнх судлаачид санал нэг байдаг.


Харин тохирох ганц өгүүлбэр бий. Тэр нь юу вэ гэвэл контемпорари нь тухайн уран бүтээлчээс үргэлжид шинэ эрэл хайгуул хийж, аливаад бүтээлчээр хандахыг цаг ямагт нэхэж шаарддаг. Тухайн уран бүтээлч зурж, өөрийн үйл хөдлөлөөр бүтээлийнхээ цаад мөн чанарыг илэрхийлж, орчин цагийн техник технологийг нэгэн дор төвлөрүүлж болно. Энэ бол орчин үеийн урлагийн онцлог. Энд ямар ч хориг саад байдаггүй. Бид өөрсдийн цогцлоосон тэр л ахуйд орь ганцаар оршиж болох нөхцөл үүснэ. Тиймдээ ч бүх л зүйлсийн эвцэлдсэн цогц доторх утга санаанаас л аливаа зүйлсийн цаад мөн чанарыг эрж хайна гэсэн үг билээ.


АМЬ БҮТЭЭГЧИД




Энд жүжигчин байхгүй, үзэгчдийн харцыг нэг зүгт төвлөрүүлэх тайз ч гэж үгүй. Харин бид өөрсдийнхөөрөө аль ч хана, эсвэл дээрээс унжих саарал торнууд, гэрлийн эффект, бүтэн бие тусгах толь зэргийг сонгон авч “тайз” хэмээн нэрлэх боломжтой.


Танхим гүн харанхуйд дарагдах бөгөөд үзэгчдийн зарим нь хөлөө эвхэн сууж, бусад нь аяархан холхиж,  чимээгүй амьсгалах, санаа алдахын төдийхнөөр бүх зүйл хязгаарлагдана. Дуу чимээ гаргагчийн биеийг амьдшуулсан мэт видео бичлэгүүд хором бүрт торон багана нэвтлэн гэрэлтэх үест л хараа орж болно. Энэ нь дуу авианы хэлбэлзэл бүхий дүрснүүд байна. Тэр үед ногоон өнгийн торон уутанцарт дүүжлэгдсэн эрэгтэй, эмэгтэй нүцгэн хүмүүс тайзны хоёр талд унжиж буйг харна. Мөнхүү улаан, ногоон, гүн хөх гэрлийн давхцал үе үехэн танхимыг бүхэлд нь будаж байлаа.


Тоочиж өгүүлбэл энэ. Өөр хоорондоо авцалдаагүй, хэлбэр төдийхөн үзэгдэл мэт санагдах үзүүлбэрүүдээс мэдээж заримд нь ойлгогдох зүйл үгүй. Тэгвэл орчин үеийн урлаг ямар ч хэлбэрээр бидэнд хүрч болдог гэдгийг эргэн санах хэрэгтэй. Харин гол утга нь юу байв гэдгийг тэмтэрч мэдэх нь чухал.


Жүжгийнхээ тухай зохиолч ийн өгүүлжээ: “Бид өнөөдөр агаарын бохирдол, хөрсний бохирдол гэж их ярьдаг. Гэтэл яг одоо нэг чимээгүй тахал биднийг эзэлж байгаа нь дуу чимээний бохирдол юм. Хүн байгалийн дуу чимээнд хэзээ ч стрестдэггүй юм билээ. Харин хүн өөрийн бүтээсэн эд зүйлс, тоног төхөөрөмжийн дуу чимээнээс болж сэтгэлийн хямралд ордог. Үйлдвэр, машин тэрэг гээд л өчнөөн чимээ шуугиан хүмүүсийг гүн хямралд автуулж байна. Нөгөө талаас нь хэлвэл энэ зүйлс биднийг эзэгнэж эхэлж байгааг анзаарахгүй байж болохгүй”.


Гол дүрд нь “спикер” тоглосон тус жүжгийн гол утга нь энэ. Дуу чимээний бохирдол бидний ярьдаг сэдвийн нэг мөн боловч үүнийг урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэхээр анхлан зориглосон нь “Амьгүй биет” жүжгийн амь бүтээгчид байв.


ДУУ ЧИМЭЭНИЙ ХОРИГДЛУУД




Видео дүрснүүд дуу чимээнээс болж хүмүүсийн сэтгэл зүйд үүссэн тогтворгүй байдлыг илтгэнэ. Тиймдээ ч үргэлжийн сарнилт, эмх цэгцгүй хөдөлгөөнтэй байх буюу. Нөгөөтэйгүүр “спикер” текст уншиж эхлэх үеэс нь чих ямар нэгэн бухимдалтай дуу чимээг хүлээн авах шиг тээртэй байдал үүсгэнэ. Нэг тийм царгиа, сөөнгө хоолойгоор нэгэн хэмнэлтэй удаан ярих нь зарим үзэгчдийг залхаана. Энэ бол дуу чимээний бохирдол. Тухайн үзэгч тайз засал, өнгө гэрэл, өөрийг нь эрх чөлөөтэй орчинд сул тавьж өгсөн шинэлэг байдалд дасч гоц гойд мэдрэмж авахаас илүүтэй гар, хөл нь чилж, чих нь шуугьж ядарсан бол тухайн жүжиг гол үүрэгээ гүйцэтгэжээ хэмээн дүгнэж болохоор байна.




Дуу чимээг бидэнд хүргэх ёстой төхөөрөмжинд маш олон жижиг нүх бий. Тиймээс ч таазнаас унжсан нүхтэй торон уутанд дүүжлэгдэх хоёр хүн дуу чимээ гаргагч технологийн дотор хоригдсон мэт санагдана. Хааяа тэд олсноос дүүжлэгдэн өндийх авч буцаад л хөдөлгөөнгүй болох аж. Харин спикерийн хоолой өндөрсөж “Эд зүйлс шалтаг тоочдоггүй. Харин шаардлага тавьдаг” хэмээн цахиртан дуугарна.


Мэдээж бид утсаа хагалчихвал тэр ямарч шалтаг тоочихгүй. Харин түүнийг бид зайлшгүй засварт өгч байж хэрэглэх шаардлага гарна. Дараа нь бидний утас ажиллаж эхлэх бөгөөд нэг ёсондоо хүн өөрсдийн бүтээсэн зүйлийнхээ боол болжээ. Иймээс л жүжгийн явцад биедээ ямар ч эд зүйлст агуулаагүй дуу чимээний хоригдлууд бодитой оршин байх нь зайлшгүй.


ЭЦЭСТ НЬ




“Амьгүй биет” жүжгийн хэлбэр, өгүүлэгдэж буй санаа, үзэгчдийг өөрсдийн мэдрэмжээр нь тэтгүүлж танхимаар чөлөөтэй хөтлөх зэрэг нь орчин үеийн урсгалаар туурвисан болохыг батлан харуулж байна. Тиймээс ч “Амьгүй биет” бол комтемпорари мөн. 


Эдгар По, Гоголь хоёр үргэлж, Чехов бол заримдаа л эмх цэгцгүй бодлууд дундуураа чөлөөтэй нисэж хоржоонтой, далд утга санааг уран бүтээлийнхээ мөн чанар болгодог байв. Үүн шиг аливаа урлагийн хамгийн гол нь төрөл зүйлдээ ч биш мөн чанартаа л агуулагддаг билээ. Эцэст нь “спикер” хэзээ дахин амилж, хэрхэн өгүүлэхийг сонсох л үлдлээ.

 

 Гэрэл зургийг | О.Төгсбилэг

 

Холбоотой мэдээ