Ховд аймагт "Лэнд менежер" программ нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-02-28 18:35:51

Ховд /МОНЦАМЭ/ Газрын харилцаа, геодези зураг зүйн газар нь “Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” программ хангамжийг улсын хэмжээнд нэвтрүүлэх, хөгжүүлэх төсөл”-ийг 2013 оноос хойш хэрэгжүүлж, уг программын сургалтыг аймгуудад бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл хоёрдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” программ хангамжийн вэб систем, газрын татвар, төлбөрийн системийн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн, Газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал хариуцсан мэргэжилтэн болон зарим сумдын газрын даамлуудаас бүрдсэн 40 гаруй хүн хамрагдаж байна. Аймгуудын ГХБХБГ-т одоо хэрэглэгдэж байгаа кадастрын систем нь олон төрөл боловч орчин үеийн тоон технологийн шаардлагад нийцдэггүй. Иймд техник технологийн шинэчлэлийн хэрэгцээнд тохируулан “Ланд менежер" программыг нэвтрүүлж байгаа гэж зохион байгуулагчид хэллээ.

Уг программыг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлснээр мэдээллийн нэгдсэн сантай болоод зогсохгүй иргэдэд үзүүлэх үйлчилгээ улам ойр болж, өмчилсөн, эзэмшсэн, ашигласан газрынхаа зураг, талбайн хэмжээ зэрэг бүх мэдээллийг нээлттэй ашиглах боломж бүрдэх юм. Ингэснээр иргэд суман дээрээ аймгийнхаа газрын бүх мэдээллийг авах, бүртгэл хийх бүрэн боломжтой болж байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Нямдаваа хэлэхдээ, тус сургалтын үр дүнд оролцогчид Газрын кадастрын мэдээллийн сангийн "Лэнд менежер" программ хангамжийн вэб системийг хэрхэн зөв ашиглах, газрын татвар, төлбөрийн системтэй хэрхэн уялдуулах талаар шинэ мэдлэг мэдээлэлтэй болж, цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх юм. Мөн уг программыг ашиглан газрын өгөгдөл, геодезийн солбицлын мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэж, иргэн, аж ахуйн нэгжээс өргөдөл хүлээн авах, газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрээ, гэрчилгээ олгох зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрээр ил тод, нээлттэй хүргэн ажиллана гэв.

                                                                                            Н.Лхагва


Холбоотой мэдээ