МЭДЭГДЭЛ

МОНГОЛЫН МЭДЭЭ
nyamtulga@montsame.gov.mn
2019-02-27 16:22:24
twitter.com/Nyamkanmk

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Гадаад мэдээний албаны орчуулан бэлтгэсэн “Эмэгтэйчүүд шатахуунаар биеэ үнэлж байна” гарчигтай мэдээг “Sonin.mn” цахим хуудас зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхдээ манай агентлагийн нэрийг эх сурвалж болгон дурдаж, мэдээний гарчгийг “Өмнөговийн эмэгтэйчүүд шатахууны төлөө биеэ худалдаж байна” гэж дур мэдэн өөрчлөн, гол агуулгыг төөрөгдүүлж, уншигчдад буруу ойлголт төрүүлсэн ёс зүйгүй алдаа гаргаж, Өмнөговь аймгийн иргэдийг гутаан доромжилж, манай байгууллагын нэр хүндэд халдсан явдалд туйлын харамсаж буйгаа илэрхийлье. “The Telegraph", "Autostraddle", "Huck Magazine" зэрэг томоохон цахим хуудсанд нийтлэлээ гаргадаг Меган Дэвидсон Лэдлигийн бичсэн энэхүү нийтлэлд Өмнөговийн эмэгтэйчүүдийг цохон дурдсан нэг ч зүйл байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.



Иймд “Sonin.mn” цахим хуудас гарчгийг дур мэдэн өөрчилж, мэдээний агуулгыг ноцтой төөрөгдүүлсэн алдаагаа хүлээж, манай агентлаг болон Өмнөговь аймгийн иргэдээс уучлалт хүсэж, залруулга хийхийг шаардаж байна.




МОНЦАМЭ агентлаг

2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр

Холбоотой мэдээ