Давсны хэрэглээг багасгах аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-26 13:35:46

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хөтөлбөр орон даяар эхэлж буйтай холбогдуулан  Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүн амын дунд давсны зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, иоджуулсан давсны ач холбогдлыг сурталчлах, давс багатай хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяныг энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулж байна.

Энэхүү аяныг үр дүнтэй зохион байгуулах тухай аймгийн Засаг дарга А/25 тоот захирамж гаргасан байна. Захирамжийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд орон нутагт тус аяныг зохион байгуулахад хяналт тавин ажиллаж эхэлжээ. Аяны хүрээнд “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгж, байгууллагуудыг тодорхой шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулж оролцуулах гэнэ. Тодруулбал хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр гурваас доошгүй жил тогтмол ажилласан, улсын бүртгэлийн гэрчилгээтэй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан барилга байгууламж, тоног төхөөрөмж, мэргэшсэн ажилтантай байх аж. Мөн мэргэжлийн байгууллагуудад бүртгэлтэй, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дэвшилтэт технологи, жор нэвтрүүлэх үйл ажиллагаагаа эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэхэд чиглүүлэн ажиллаж байгаа зэрэг шаардлагыг тавьж байгаа юм байна. Орон нутагт байгуулагдсан ажлын хэсэгт номинаци тус бүрээс нэг нэгийг шалгаруулж энэ оны 11 дүгээр сард дүгнэх бөгөөд өргөмжлөл мөнгөн шагналаар шагнах аж. Тухайлбал “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг сайн зохион байгуулсан сум 500 мянга, хүнс үйлдвэрлэгч, хоол үйлдвэрлэгч, цэцэрлэг, сургууль, эмнэлэг тус бүрийг 200 мянган төгрөгөөр шагнах юм байна. 

Давсны хэрэглээ буурснаар зүрх судас, хоол боловсруулах эрхтэний өвчлөл, хавдрын эрсдлийг 50 хувиар бууруулах боломжтой юм. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” хөтөлбөрийн эхний шат 2017 оноос нийслэл хотын томоохон хүнсний үйлдвэрүүд, нийтийн хоолны газруудад өрнөсөн бөгөөд тухайн байгууллага, үйлдвэрүүд давсны хэрэглээгээ 30-40 хувь хүртэл бууруулж чаджээ. Ингээд энэхүү туршлагаа орон нутагт хүргүүлж олон нийтийг давсны хэрэглээгээ багасгахад ийнхүү уриалж байгаа ажээ.

Холбоотой мэдээ