"Өвгөн Гэсэр лам"-ын гүдэнг зуны тэргүүн сар хүртэл хийдэд зална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-25 16:50:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Өвгөн Гэсэр лам” хэмээх нэрээр олноо өргөмжлөгдсөн Тойн эрдэнэ Цэвээнраашийн Чүлтэмжамц хувилгааны лагшинг гүдэн болгон засаж, шүншиглэн залах ёслол Архангай аймгийн Цахир суманд болсон юм.  Цахир сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн санаачилгаар, сэргээн залсан гүдэнг нутгийн Гэгээрэхүй хийдэд энэ сарын 23 буюу өнгөрсөн бямба гарагт залжээ. 

Гэсэр багшийн лагшин гүдэнд  мөргөхөөр хол ойрын сүсэгтэн олон урт цуваа үүсгэн ёслолд оролцсон бөгөөд Цахир сумтай хиллэдэг Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн сумд, мөн нийслэлээс ч олон сүсэгтэн зорин очжээ. 



Өвгөн Гэсэр багшийн сэргээсэн гүдэнг зуны тэргүүн сарын эхэн хүртэл Гэгээрэхүй хийдэд залах юм байна. Зуны эхэн сарын эхний  10 хоногт багтаан Содномдаржаа ууланд нь буцаан залах юм байна.

Гэсэр багшийн лагшин дүрийг сэргээн нутагт нь залах ёслолд Архангай аймгийн болон Цахир сумын удирдлагууд оролцлоо. Түүнчлэн Цахир сумаас тодорсон Ялгуусан хутагтын 17 дугаар дүр Данзанванчүг нутгийн зон олондоо ерөөлөө айлджээ. Гүдэн залах ёслол гэдэг нь том хутагт хувилгаадын бие лагшинг шүтээн болгон залахыг хэлдэг аж.

ОХУ-ын Буриадын Итгэлт хамбаас ч олон зуун жилийн настай Гэсэр ламд  сүсэгтэн олныг мөргүүлж байх,  мөргөлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар Цахир сумын удирдлагууд бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн Цахир сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөн ярьж байна.

Холбоотой мэдээ