Кубад шинэ Үндсэн хууль батлах асуудлаар санал хураав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-25 11:28:43

ГАВАНА. /TASS/. Куба улсад шинэ Үндсэн хууль батлах асуудлаар ням гарагт бүх нийтийн дунд санал асуулга явуулсан байна. Санал хураах байрууд орон нутгийн цагаар 18 цагт хаагджээ.


Одоогийн байдлаар орон нутгийн сонгуулийн хороодын ажилтнууд саналын хуудсуудыг тоолж, дүнг нь төв комисс руу илгээж байгаа аж. Комиссын нарийн бичгийн дарга нар санал хураах хайрцгуудыг нээж байгааг Кубын телевиз санал хураах зарим байруудаас шууд дамжуулж байна. Ням гарагт өглөөний 07 цагт эхэлсэн бүх нийтийн санал асуулгыг тус улсын 15 мужид нийт 25 мянга гаруй хэсэгт явуулжээ.


Сонгогчдын жагсаалтад 8 сая гаруй хүн /Кубын хүн ам-11.5 сая/ бүртгэгдсэн байна. Санал асуулгад оролцогчдод “Бүгд найрамдах улсын шинэ Үндсэн хуулийг батлах уу?” гэсэн ганцхан асуултыг тавьжээ. Хэрэв иргэдийн дийлэнх олонх нь /нийт сонгогчдын 50 хувь+1/ дэмжсэн тохиолдолд бүх нийтийн санал асуулгаар хэлэлцүүлсэн заалтууд хүчин төгөлдөр болно.


Кубачуудын Үндсэн хуульдаа оруулах гэж байгаа гол заалтуудыг дурдвал, хувийн өмчийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх ба коммунизм байгуулахаас татгалзах, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгох, төрийн дээд албан тушаалуудад байх хугацааг таван жилээр хязгаарлах гэсэн заалтууд юм. Харин төрийн социалист шинж чанар болон Коммунист намын нийгэмд гүйцэтгэх үндсэн үүргийн талаарх заалтуудыг шинэ Үндсэн хуульд хэвээр үлдээнэ.


Холбоотой мэдээ