Обама Кубын ард түмэнд хандаж үг хэлнэ

Дэлхийд
jargal@montsame.mn
2016-03-17 10:59:45

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубад айлчлах үеэрээ гуравдугаар сарын 22-нд тус улсын ард түмэнд хандаж үг хэлнэ. Энэ тухай Америкийн төрийн тэргүүний үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслахын орлогч Бен Родс сэтгүүлчидтэй ярилцахдаа мэдээлжээ.

Обама Кубын нийслэл Гавана хотын Үндэсний театрт тус улсын хэдэн зуун иргэний өмнө үг хэлнэ. Тэдний дунд Америк, Кубын давхар иргэншилтэй иргэд, мөн оюутнууд, тэрс үзэлтнүүдийн төлөөлөл зэрэг маш олон залуус байх аж.

Америкийн Ерөнхийлөгч кубачуудад хандаж үг хэлэхдээ зөвхөн Кубад төдийгүй дэлхий даяар хүний эрхийг сахин мөрдөх асуудлыг хөндөнө. “Обама Кубын ирээдүйг, Америк-Кубын харилцааны хэтийн төлвийг хэрхэн харж байгаагаа ярихаас гадна, иргэний нийгмийн асуудлыг болон нийгмийн маш олон салбарт хоёр орны хооронд хийж буй яриа хэлэлцээний талаар хөндөнө” гэж Родс хэлжээ. Тэрбээр мөн “АНУ Кубад зааж сургах гээгүй” зөвхөн үйл ажиллагааны өөрсдийн хувилбарын талаар хэлэхийг хүсэж байгаа гэдгийг онцлон дурдсан байна.

Обама айлчлалынхаа үеэр Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастротой уулзахгүй боловч тус улсын Төрийн зөвлөл болон Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастротой хэлэлцээ хийхээр төлөвлөсөн гэдгийг Родс дахин нотолжээ.

Барак Обама гэргий Мишелийн хамт Куба улсад энэ сарын 21-22-нд айлчилна. Тэрбээр арлын тус улсад сүүлийн 88 жилд анх удаа айлчилсан Америкийн анхны төрийн тэргүүн болно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ