С.Одбаяр: Төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоотойгоор Сайншанд хот өнгө зассан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-24 20:14:01

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяртай Сайншанд хотод өрнүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын талаар ярилцлаа.Тэрээр 2016 оноос хойш сумын Засаг даргаар ажиллаж буй.

-Аймгийн Засаг даргатай 2019 онд төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгууллаа. Энэ жилийн гэрээнд ямар онцлог зүйлс тусгасан бол? 

Засгийн газраас энэ оныг “Иргэн төвтэй үйлчилгээний жил”, Дорноговь аймаг "Гэр бүлийг дэмжих жил", Сайншанд сум “Багийн  хөгжлийг дэмжих жил” болгон тус тус зарласан.

Жилийн ажлын хүрээнд гэр бүл, өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжих, гэр бүлийн хөгжил хамгааллыг сайжруулах, ажлын байрыг бий болгож, гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулахаар гэрээнд тусгасан.

Мөн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, аймгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг шат шатандаа авч хэрэгжүүлэх талаар ажиллана.

-Ингэхэд Сайншанд сумын төсөв санхүү ямархуу хэмжээтэй батлагдсан бэ?

-Сумын 2019 оны төсвийн зарцуулах зарлагын нийт хэмжээг сумын ИТХ-ын ээлжит хурлаар 14.8 тэрбум төгрөгөөр баталсан.

Татварын бус орлого 1.5 тэрбум, Сум хөгжүүлэх сангийн орлогыг 267 сая орчим төгрөг гэх зэргээр тооцож байгаа. Үүнээс сургууль, цэцэрлэг, боловсрол эрүүл мэнд зэрэг салбарт тусгай зориулалтын шилжүүлэг хэлбэрээр ирэх мөнгөн дүнгийн хэмжээ 11.5 тэрбум  байх юм.

Өөрөөр хэлбэл сумын төсөвт байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Сайншанд сум 2019 онд нийт 14.8 тэрбум төгрөг зарцуулна.Харин Сайншанд сум, ИТХ, мөн багийн Ажлын албуудын нийт төсөв 2.5 тэрбум орчим төгрөг байгаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн 2019 оны хөрөнгө 481.3 сая төгрөг бөгөөд үүнээс 2019 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд 422 сая төгрөг зарцуулна.

Төсөвтөө тухайн жилийнхээ Сум хөгжүүлэх сангийн орлогыг оруулж тооцдог. Энэ жилийн Сум хөгжүүлэх сангийн орлогыг 317 орчим сая төгрөгт багтаалаа. Тиймээс төсөвт багтсан орлогоо төвлөрүүлж эргээд Сум хөгжүүлэх сангийн зээлдээ олгох ажлыг зохион байгуулна.

-Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө бизнес эрхлэгчдэд дэмжлэг болж чадаж байна уу?

-Сумын ЗДТГ-аас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг тогтворжуулах, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах талаар ажилласан.

Уг нь сангийн нийт хөрөнгө нэг тэрбум орчим төгрөг хэдий ч анх ажил хүлээн авч байхад үйл ажиллагаа нь доголдсон зээлийн эргэн төлөлт тааруу байсан юм.

Сангийн хөрөнгө төрийн байгууллагын дарга, даамал, танилын хүрээнд бус баялаг бүтээгчид, зорилтод бизнес эрхлэгчдэд хүрч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг болж, эдийн засагт үр ашгаа өгч эхэлсэн  гэж үзэж байгаа.

-Зээлийн эргэн төлөлт сайжирч  байна уу?

-Зээлийн эргэн төлөлт 80-90 орчим хувьтай болсон. 2016 онд 193.8 сая, 2017 онд 256.2 2018 286.9 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Мөн компаниудын зээлийн эргэн төлөлтийг хангуулах талаар тухайн аж ахуй нэгжид мэдэгдэл өгч, зээлээ төлөөгүй,  хугацаа хэтрүүлсэн аж ахуй нэгжийг шүүхэд өгөх зэрэг ажил үргэлжилж байна.

Тухайлбал, 2015 онд шалгаруулсан төслийн 100 гаруй сая төгрөгийг өгөөгүй байсныг 2016 онд өгсөн, 2017 онд нийт 23 төсөл шалгаруулж 307 сая төгрөгийн зээл олгосон бол 2018 онд 15 төслийг шалгаруулж 235 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Нийт 38 төслийг шалгаруулж 130 орчим ажлын байр бий боллоо.

-Тухайлбал, ямар чиглэлээр ажлын байр нэмэгдэж байна?

-Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр олгох бизнесийн төслийн чиглэлийг тодорхой болгосон. Өмнө нь иргэд өөрсдийн сонирхсон бизнесийн төслийг бичиж зээл авдаг байсан нь хязгаарлагдмал зах зээл дээр ижил төстэй төслүүд давхардах, нэгнийхээ бизнесийг татан унагах, зогсонги байдалд хүргэх байдал гарсан байдаг.

Тухайлбал, газар тариалангийн төсөлд хүлэмж барих, зоорь бий болгох, тээврийн хэрэгслийн тоо ихэссэнтэй холбогдуулж тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төв байгуулах, аялал жуулчлалын салбар хөгжиж буйтай холбогдуулан жуулчдын сонирхсон бүтээгдэхүүн буй болгох зэрэг  төсөл дэмжсэн нь үр дүнгээ өгсөн.

Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, талх нарийн боовны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, модон эдлэлийн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуйн төсөл гээд хэрэгжих үндэслэлтэй төсөлд санхүүжилт олгосон. Амжилттай  ажиллаж байна.

Өмнөх жилүүдэд Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтөөс шалтгаалж зээлийн төслийг намар зарладаг байсан бол бид аль болох зээлийн санхүүжилтийг богино хугацаанд төвлөрүүлж ажил ид ундардаг хаврын үеэр зарлах төлөвлөгөөтэй. Сум хөжгүүлэх сангийн хөрөнгийн 20 хувь нь бүрдсэн тохиолдолд төсөл зарлаж, сонгон шалгаруулалт явуулж зээл олгодог журамтай.

-Сум хөгжүүлэх сангийн зээл олгох үйл явцад хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Танил тал, найз нөхдийн хүрээнд олгодог байдал буй гэх. Нээлттэй байж чадаж байна уу?

-Үйл ажиллагаагаа ХХААХҮЯ-наас баталсан журмын дагуу явуулдаг, сумын Засаг даргаар ахлуулсан Сум хөгжүүлэх сангийн Орон тооны бус зөвлөл бий.

Зөвлөлийн нарийн бичгийн даргаар сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн ажилладаг бол гишүүдээр Баялаг бүтээгчдийн холбоо, банк санхүүгийн байгууллага болон сумын нийт багийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн 11 хүн ажиллаж сонгон шалгаруулалт хийдэг.

Өнгөрсөн хугацаанд дээрх сангийн хөрөнгө баялаг бүтээгчиддээ, жижиг дунд үйлдвэр эрхлэгчиддээ бүрэн хүрээгүй юм байна гэсэн дүгнэлтийг бид хийсэн. Зээлийн баримт материалыг үзэж байхад огт бизнес эрхэлдэггүй хүмүүс ч авсан байх жишээтэй.

Бизнес эрхэлж байгаа хэрнээ хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан тохиолдол ч гарсан. Тиймээс бид ашиг сонирхлоос ангид байх, хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Зөвхөн зээл өгөөд орхих биш, байнгын эргэх холбоотой ажиллах нь зүйтэй.

Сайншанд сумын хэмжээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн жизнес эрхлэгчдийг дэмжих төсөл сонгон шалгаруулалтаар олгож байгаа цор ганц сангийн хөрөнгө нь Сум хөгжүүлэх сан.

Тиймээс бид хууль хяналтын байгууллагатай хамтран Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг эргэн төлүүлэх, дараагийн зээлдэгчдэд боломжийг олгох, зээлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажилласан юм.

Ер нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тухайн жилийн хамгийн их цаг зав үрсэн ажил юу байсан бэ гэж асуувал Сайншанд сумтай холбоотой Сум хөгжүүлэх сангийн шийдвэр гүйцэтгэлийн ажил гэж хэлэх байх.

-Энэ жилийн зээлийн онцлог юу байгаа бол?

-Энэ жил гурван гол зүйлд анхаарал хандуулна. Гурван сарын 01-нээс гялгар уутны хэрэглээг хориглож байгаатай холбогдуулж даавуу уут ашиглах, үйлдвэрлэх төсөл, мөн утааг бууруулах шахмал түлш бэлтгэх төсөл, оршин байгаа газартаа эрүүл орчныг бүрдүүлэх, гэр хорооллын айлуудын санал санаачилгыг дэмжих, модон жорлонгоо өөрчлөх төслийг түлхүү дэмжих бодлого баримталж  байна.

-Хол ойрын хүмүүсийн ирэх дуртай газрын нэг Хамарын хийдэд ямар бүтээн байгуулалт өрнүүлж байна вэ?

-Сумын ИТХ-аас шийдвэр гаргаж Хийдийн хамгаалалтын захиргааг “Тохижилт-Сайншанд” Хот тохижилтын газрын дэргэд хамааруулж 2016 оны сүүлчээс эхлэн үйл ажиллагааг нь  жигдрүүлсэн.

Тухайлбал, 2018 онд хутагтын 215 жилийн ойг угтаж тэнд бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй иргэн аж ахуй нэгжийн үйлчилгээг сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, холбогдох хууль эрх зүйн мэдээлэл өгч, үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, хаяг байршлыг буй болгох, гэрэлтүүлэг суурилуулах зэрэг багагүй ажил хийсний үр дүнд ахиц дэвшил гарлаа.

2019 онд Ханбаянзүрх хайрхан руу явах зургаа орчим км авто зам барихаар болсон. Шамбалын орон руу ороход авч байгаа  төлбөр, авто замын хураамжийг төвлөрүүлж Хийдийн хамгаалалтын захиргаанд ажиллаж байгаа ажилчдын цалин урамшуулал, үйл ажиллагааны зардалд тус тус зарцуулдаг.

Жилдээ 200 орчим сая төгрөг төвлөрдөг бол үүний тэн хагас нь цалин урамшуулалд, үлдсэнийг нь тодорхой хэмжээний дэмжлэг, тохижилтын ажилд зарцуулдаг.

Дээрээс нь хамарын хийд төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд зориулж жилдээ арваад сая төгрөгийн дэмжлэгийг тогтмол үзүүлж байгаа. Хамарын хийдийг зорьж буй хүмүүсийг ажиглаад байхад ихэнх нь машинтайгаа ирээд хийд, энергийн төвөөр орж, гэр буудлаар бууж хоол идвэл идээд замдаа хайрхан уул дээр гарчихаад буцчихдаг.

Орон нутагт орж буй бодит хөрөнгө оруулалт бага байна. Аялал жуулчлал хөгжсөн орны хамгийн ойрын жишээ гэхэд л энүүхэн урд Өвөрмонголыг хэлж болно.

Тиймээс цаашид бүтээн байгуулалт өрнүүлэх, үзэх үзмэрийг нэмэгдүүлж, аялал жуулчлалын хэлбэр рүү нь оруулж  зорин ирэгсдийн анхаарлыг татах, иргэдээ орлоготой болох боломжийг нээхийн төлөө ажиллаж байна.

Өмнө нь дурдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр олгож байгаа зээлийн цаад зорилго нь мөн л орон нутагт брэнд бүтээгдэхүүн буй болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгддэг.

-Хамарын хийд, хайрхан уул болон Зүүнбаянгийн чиглэлийн замын уулзварт аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр төлөвлөлт хийж байсан санагдана. Энэ ажил хэрэгжиж байна уу?

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх,бизнес эрхлэх, худалдаа үйлчилгээг дэмжих зорилгоор 2015 оноос эхэлж Сайншанд сумаас урагш Хамарын хийд-Зүүнбаян-Хайрхан уул руу явдаг замын уулзвар дээр өмнө нь төлөвлөлт хийж иргэдэд газар олгосон байдаг. Мөн газрыг дуудлага худалдаагаар ч олгосон.

Цэвэр бохир ус, цахилгаан гээд дэд бүтцийг нь хийчихсэн. Харамсалтай нь иргэд тухайн газарт үйл ажиллагаа эрхлэхгүй, хөрөнгө оруулалтаа хийхгүй байна.

Тэнд “Хайрхан” гэдэг жуулчны бааз, цаашлаад хоёроос гурван хүн л үйл ажиллагаа явуулж буй.Тухайн газарт зөвшөөрөл авсан хүмүүст үйл ажиллагаа явуулах талаар мэдэгдэл өгсөн.

Хэрэв үйл ажиллагаагаа явуулахгүй бол газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж бүтээн байуулалт өрнүүлж чадах хүмүүст олгох бодлого баримтална.

-Тэнд дахин газар олгох боломж бий юу?

-Нэмэлтээр хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулж газар олгох бололцоо бий. Гэхдээ үйлчилгээний чиглэлээр газар олгох тохиолдолд дуудлага худалдааны зарчмаар явуулна.

Учир нь Газрын тухай хуульд өөрчлөлт орсноор төсөл сонгон шалгаруулалтыг гадаад дотоодын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдэд л сонгон шалгаруулалтаар газар олгохоор болсон.

Бусад тохиолдолд төсөл сонгон шалгаруулалтаар газар олгохыг хориглосон.Тийм учраас төсөл сонгон шалгаруулалтаар газар олгохгүй, зөвхөн дуудлага худалдаагаар газар олгоно. Өнгөрсөн хугацаанд энд газрыг төсөл сонгон шалгаруулалтаар багахан хэмжээний мөнгө зарцуулаад л авцгаасан байдаг.

-Дуудлага худалдаагаар сонгон шалгаруулах нь  цаанаа төсөв бүрдүүлэх, орлого олох  зорилго байгаа байх? Газрын үнэ төлбөр өсөх нь дээ?

-Хамгийн өндөр үнийн санал өгсөн компанид газар олгоно. Мэдээж төсвийн орлого бүрдүүлэх, татварын орлого нэмэгдүүлэх зорилго байгаа ч эргээд энэ нь орон нутгийн бүтээн байгуулалтад зарцуулагддаг.

-Сайншанд сум 2019 оныг “Багийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Жилийн ажлын төлөвлөгөө зорилгоос харахад засаг захиргааны анхан шатны нэгж багийн үйл ажиллагааг түлхүү дэмжиж ажиллах юм болов уу гэж харж байна?

-Төрийн үйлчилгээг ойртуулах сурталчлах, шинээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, гэр бүлийн үнэ цэнийг залууст ойлгуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулна.

Өнгөрсөн онд гурван багийн нутагт багийн хөгжлийн төв ашиглалтад оруулсан бол энэ жил мөн л гурван багт багийг хөгжлийн төвтэй болгоно.

Авто зам дагуу явган хүний зам нэмэгдүүлэх, замыг шинэчлэх, шинээр байгуулах, долдугаар багийн Өлзийт хороолол руу цахилгааны шугам татах, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замаас Ханбаянзүрх хайрханы чиглэлийн 6.85 км хатуу хучилттай авто зам байгуулах зэрэг томоохон ажил өрнөнө.

-Өнгөрсөн онд хотын соёлыг дэлгэрүүлэх ажил өрнүүлж тохижилт үйлчилгээний ажлыг хот даяар гүйцэтгэсэн. Энэ жил үргэлжлүүлэх үү?

-Анх ажил хүлээн аваад иргэдийн оролцооны талаар судалж үзэхэд ихэд тааруу байсан. Тиймээс иргэдийг өөрийн оршин байгаа хотынхоо хөгжил дэвшилд хэрхэн оролцдог болгох, тэднийг яаж дэмжих талаар хамт олонтойгоо ярилцаж бүтээлч ажлыг нь дэмжиж урамшуулахаар шийдэж байсан.

Өөрөөр хэлбэл хотын соёлыг дэлгэрүүлэх жилийн ажлын хүрээнд гэр хорооллын гудамж, эгнээг цэгцлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хотын өнгө үзэмжийг сайжруулах, хүүхэд залуучуудын санал санаачилга, бүтээлч оролцоог дэмжих, хашаа хороогоо тохижуулах зорилгоор "Хотын гудамж", "Тэгш гудамж", "Хамтдаа тохижуулъя" аяныг тус тус зарлаж үр дүнг нь дүгнэсэн юм.

Хүмүүсийн бүтээлч ажлыг дэмжиж, хамтран ажиллаж чадвал иргэд урамшдаг юм байна. Өөрсдийн хийсэн, бүтээсэн зүйлээ хайрлах, хамгаалах сэтгэл төрдөг аж. Энэ л бидний хамгийн чухал ололт юм.

2018 онд  нэгдүгээр багийн нутагт шинээр гэр бүлийн талбай, тэмээтэй талбай, хоёрдугаар багийн нутагт Алтанговийн талбай зэргийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр байгуулсан нь сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайг дөрөв дахин нэмэгдүүлэх үзүүлэлт болсон.

Хүмүүс чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ амарч тухлах, залуус хүүхдүүд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх нь хотын иргэдийн наад захын хэрэгцээ байдаг тул цэвэр аюулгүй орчныг бүрдүүлэх, хот тохижилтыг сайжруулах ажилд анхаарал хандуулсан нь энэ.

Энэ ажлаа ч 2019 онд үргэлжлүүлнэ. 2017 онд зохион байгуулсан гамшгаас хамгаалах улсын үзлэгийн ажлын үзүүлэлтээр Сайншанд онц сайн үнэлгээ авсан нь мөн л иргэдийн оролцоог харуулж буй жишээ.

Сайншанд хот маань 2018 оны үйл ажиллагааны дүнгээр аймагтаа тэргүүн байрт шалгарлаа, хот тохижилтыг сайжруулах, авто зогсоолыг шинэчлэх, бүтээн байгуулах гээд амжилт бүтээл дүүрэн жилийг бид үдсэн.

Мөн хувийн хэвшлийнхний хөдөлмөрийн үрээр Сайншанд хотод орчин үеийн хэд хэдэн худалдааны төвүүд шинээр ашиглалтад орлоо. Төр хувийн хэвшил, иргэд, аж ахуй нэгжүүдийн хамтын хөдөлмөрөөр Сайншанд хот өнгө зассан.

-Олон жил сунжирч байгаа Сайншандын төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах уу?

-Төрөх эмнэлгийн барилгыг энэ жил ашиглалтад оруулна.Дээрээс нь 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сайншанд суманд 1000 хүний багтаамжтай спорт цогцолбор, мөн кино театр зэрэг томоохон  байгууламжийг барина.

Мөн Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хорооллын ажил үргэлжилнэ. Бас нэг чухал ажлын нэг нь Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилга гаргаж Монгол, Тайванийн хамтарсан “Ротари” клубын хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн усан хангамжийн системд ус цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгэнэ.

Ингэснээр Сайншанд хотын ундны усны чанарт ахиц гарч хүн ам цэвэршүүлсэн ус хэрэглэх боломж бүрдэнэ. Мөн тамхигүй хот буй болгох уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ