Хуулиараа хотын дарга ирэх 7 хоногт тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-22 19:19:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хот Засаг даргагүй бүтэн гурван сар болж байна.

Өмнө нь НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох  асуудлыг хэлэлцэж, улмаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрөө нэрээ дэвшүүлснээр олонхын санал авсан юм. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт буюу хоёрдугаар сарын 15-нд түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хугацаа гуравдугаар сарын 2 хүртэл юм .

Энэ хүрээнд НИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нийслэлийн Засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 26-ны өдрийн мягмар гарагт хуралдуулахаар товлоод байгаа. Хурал товлогдоод байгаа ч хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайхан нэрээ дэвшүүлсэн нь хүчин төгөлдөр байгаа аж. Учир нь нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид болон намын Удирдах зөвлөлөөс өнөөдрийн байдлаар хотын даргад шинээр нэр дэвшүүлэх ямар нэгэн чиглэл ирээгүй байгаа талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан мэдэгдсэнС.Амарсайханы хувьд түүнийг нэрээ дэвшүүлснийг НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжиж байгаа юм. (МАН-ын бүлэг НИТХ-ын 45 суудлын 33 суудалтайгаар олонхын бүлэг бүрдүүлж байгаа). Харин С.Амарсайхантай өрсөлдсөн НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууны хувьд ч тэр хурлын танхимаас нэрээ дэвшүүлэх эрх нь түүнд бий. Үүнийг ч тэрээр өөрөө мэдэгдсэн. НИТХ-ын тухайн төлөөлөгч өөрөө ч нэр дэвших боломжтойгоос гадна бусдыг нэр дэвшүүлэх эрхтэй ажНэг ёсондоо НИТХ-ын 45 төлөөлөгч өөрсдөө болон бусдыг заалнаас нэрээ дэвшүүлэх эрхтэй.

Хоёрдугаар сарын 26-нд болох НИТХ-ын ээлжит бус хурлаар тодрох нэр дэвшигчийг Ерөнхий сайд хуулийн дагуу тав хоногийн дотор батламжлах ёстой. Ингэж тооцвол ирэх 7 хоногт нийслэл хотын Засаг дарга хэн болох нь тодорч хот даргатай болно.

Б.Болд

Холбоотой мэдээ