Увсын чацарганыг газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-02-21 14:35:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, ноён Элчин сайд Филипп Мэрлин, Увсын чацарганыг Монгол Улсын газар зүйн заалттай бүтээгдэхүүнд бүртгүүлэхэд хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн тус улсаас Монголд өндөр ашиг шимтэй үхэр экспортлоход гарч буй хориг саадыг арилгахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна гэв. Тэрээр, “ХАА-г хөгжүүлэх зорилготой Францын хүнсний тусламжийн сангийн бичил зээлийн төслийн ажлыг үнэлж, дүгнэх, төслийн техникийн хороог ойрын хугацаанд яаралтай хуралдуулах зэрэг ажлыг хамтран зохион байгуулах хэрэгтэй байна” гэсэн тодорхой саналыг дэвшүүлсэн юм.


Үүний хариуд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, "Манайд Увсын чацаргана, Булганы айраг, Завханы улаан хальс сармис, Халх голын зөгийн бал зэрэг ХАА-н онцлог бүтээгдэхүүн бий. Эдгээрийг газар зүйн заалттай бүтээгдэхүүнд бүртгүүлэн, олон улсын зах зээлд экспортлох хүрээнд хамтарч ажиллахдаа таатай байх болно" гэлээ. Тэрээр, Франц улсын санхүүжилттэй хүнсний сангаас хэрэгжүүлж буй төслийн талаар Элчин сайдын тавьсан саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, МХЕГ-ын ажлын хэсгийг Франц улсад ажиллуулан, эрүүл ахуй, хорио цээрийн гэрчилгээнд тавьж буй нэмэлт шаардлагуудыг хангуулах тал дээр дэмжихээ илэрхийлэв.

Уулзалтаар хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг тогтмол, тасралтгүй үргэлжлүүлэн, өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Газар зүйн заалт гэдэг бол газар зүйн гарал үүсэл, чанар, нэр хүнд эсвэл тухайн газар нутагтайгаа холбоотой онцлог шинжтэй бүтээгдэхүүнд хэрэглэдэг тэмдэг юм. Ихэнх тохиолдолд газар зүйн заалтыг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн газрын нэрээр нэрлэсэн байдаг. Газар зүйн заалтыг экологийн цэвэр, хөдөө аж ахуй, үйлдвэрийн гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүнд ашигладаг байна. 


Холбоотой мэдээ