Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 10 удаа хуралджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-20 14:43:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 10, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хоёр удаа хуралдсан байна.

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн УИХ-аар батлуулжээ.


Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зарцуулалтыг шалгаж судлах “Түр хороо байгуулах тухай”, “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслүүийг хэлэлцэн шийдвэрлэх, гадаад орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх талаар санал, дүгнэлт гаргахад анхаарч ажиллажээ.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төсөл болон Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлжээ.

УИХ-ын 2018 оны намрын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо бие даасан хууль гурав, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль найм, зургаан тогтоол батлуулав.

Одоо тус байнгын хорооны харъяаддын хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн 10 гаруй хуулийн төсөл байгаа юм. Тухайлбал, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон Хувь хүний орлогын албан татварын тухай, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төсөл байгаа юм.

Холбоотой мэдээ