Бразил Венесуэлд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-20 10:10:09

БРАЗИЛИА. /BBC/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсэргүүцлийг үл харгалзан энэ амралтын өдрүүдэд тус улстай залгаа хил рүү хүмүүнлэгийн тусламж илгээнэ гэж Бразилын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлэв.


“Тусламжийг хүргэх, тараах ажлыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо зохион байгуулж байгаа” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн байжээ.


Ерөнхийлөгч Н.Мадурогийн хувьд Венесуэлд хямрал нүүрлэсэн гэх мэдээллийг үгүйсгэж, тусламжийн үйл ажиллагаа нэмэгдэж буйг АНУ-ын зохион байгуулсан “шоу” хэмээн нэрлэж байгаа юм.


АНУ-аас Венесуэл рүү илгээх тусламжийг хүлээн авахаар төлөвлөж байсан Нидерландын Куракао аралтай залгаа Венесуэлийн хилийг мөн хаагаад байгаа ажээ.


Куракао аралтай агаар болон усаар хиллэдэг хилийг хаасан тухай Венесуэлийн цэргийн хүчний өндөр албан тушаалтан Владимир Кинтеро мягмар гарагт албан ёсоор мэдэгдсэн бөгөөд үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Тус улсын цэргийн хүчин Ерөнхийлөгч Н.Мадурог дэмжинэ гэдгээ дахин батлаад, улсын эрхийг Х.Гуайдод шилжүүлэн өгөх АНУ-ын Ерөнхийлөгчийн уриалгад татгалзсан хариу өгчээ.


Цэргийн албан хаагчид урьд нь Колумби улстай залгаа хилээр АНУ-ын тусламж нэвтрэхээс сэргийлж, гүүрний зорчих хэсэгт нефть тээврэлэгч болон ачааны чингэлгүүд байрлуулсан билээ. 

Холбоотой мэдээ