Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэмийн хүйтэн хонож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-19 16:59:56

Увс /МОНЦАМЭ/. Энэ сар гарсаар Увс аймгийн нийт нутгаар хүйтний эрч чангарсан бол ойрын өдрүүдэд суларч эхэлжээ. Хоёрдугаар сарын 18-25-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм хүйтэн, бусад нутгаар 25-33 хэмийн хүйтэн байх аж.

Зүүнговь сум хамгийн зузаан буюу 24 см цасан бүрхүүлтэй байгаа бол Малчин, Хяргас сум 20 см зузаан цастай байна. Өнгөрсөн шөнө Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэмийн хүйтэн хоносон бол өдөртөө 24-34 хэмийн хүйтэн байна.

“Энэ сарын 22-нд нутгийн хойт болон өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхины хурд 3-8 м/с хүрнэ. Өнгөрсөн 12-р сараас хойш Увс аймгийн нутгаар 10 удаагийн давтамжтай цас орсны улмаас нийт нутгийн 80 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Тал газраа 14-24 см, уулархаг нутгаар 40-80 см зузаан цастай байна. Өнгөрсөн долоо хоногт хөрсөн дээрээ 29-49,5 хэм хүйтэн хонож байсан. Энэ сарын сүүлчээр хүйтний эрч сулрах төлөвтэй байна” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэргэжилтэн М.Отгонхүү мэдээллээ.

Холбоотой мэдээ