Аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагааны ил тод байдалд үнэлгээ хийх төсөл хэрэгжиж байна

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2019-02-19 15:59:26

Ховд/МОНЦАМЭ/ Хэвлэлийн Хүрээлэнгийн Баруун Бүсийн төв ТББ-аас Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Ховд аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагааны ил тод байдалд мониторингийн үнэлгээ хийх төсөл”-ийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, Засгийн газрын 143 дугаар тогтоолын дагуу ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтээр  аймгийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, мэдээллийн самбар, цахим сайт, фэйсбүүк группын мэдээллийн баяжилт, баримтжуулалтад  7-10 хоног тутам ажиглалт, тандалт, хяналт хийж байгаа юм.

Хэвлэлийн Хүрээлэнгийн Баруун бүсийн төвийн  уг төслийн багаас тухайн ажлын явцын талаар аймгийн Цагдаагийн газарт танилцуулах, санал солилцох зорилгоор уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Тус уулзалтад аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Батзаяа болон холбогдох удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо. Уулзалтын хүрээнд аймгийн Цагдаагийн газрын мэдээллийн ил тод байдалд Засгийн газрын 143 дугаар тогтоолын дагуу хяналт тавих аргачлал, тухайн байгууллагын цахим сайтыг шалгах хяналтын хуудасны шалгуур үзүүлэлт зэргийг танилцуулж, төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмын 5.3 дахь заалтын дагуу мэдээллийн самбарыг шинэчлэх тухай зөвлөмж чиглэл өгөв.

Энэ үеэр үнэлгээний явцад цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, алслагдсан баг, хөдөөгийн иргэдэд тогтмол мэдээлэл хүргэх, иргэдэд хууль, журмыг сурталчлан таниулах зэрэгт анхаарах шаардлагатай байгааг Хэвлэлийн Хүрээлэнгийн баруун бүсийн төвийн зохицуулагч, төслийн багийн ахлагч А.Бямбасүрэн хэллээ. Мөн Хэвлэлийн Хүрээлэнгийн Баруун бүсийн төвөөс зохион байгуулж байгаа уг ажлын үр дүнд цагдаагийн байгууллагын мэдээллийн хүртээмж өргөжих, иргэдэд илүү ойртох,  чиг үүргийн дагуу урьдчилан сэргийлэх ажил, иргэд болон цагдаагийн хамтын ажиллагаа идэвхжих чухал ач холбогдолтой гэж төслийн багийнхан онцоллоо. Үүнээс гадна тухайн үнэлгээний явцад аймгийн Цагдаагийн газарт ирүүлсэн санал, зөвлөмжийн дагуу хамтран ажиллаж, байгууллагын мэдээллийг  ил тод, нээлттэй болгоход анхаарч ажиллана гэж Ховд аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

                                                                                                                                   Н.Лхагва

 


Холбоотой мэдээ