Их Британийн технологи, боловсролын салбарыг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-02-15 17:49:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс Их Британи улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр орны далбаагаар чимсэн галт тэрэг аялуулахаар болжээ.

Галт тэрэг энэ сарын 19-21-нд Улаанбаатар-Сэлэнгэ, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хөдлөх гэж байна. Галт тэрэг очих Дархан-Уул аймагт боловсролын өдөрлөг зохиож, Орхон аймагт Британийн уул уурхайн технологи, тоног төхөөрөмжийн компаниудыг танилцуулж, хамтран ажиллах боломжуудын талаар уулзалт хийх юм. Энэ талаар Монгол Улсад суугаа Их Британийн Элчин сайд ноён Филип Малон “Бид 55 жилийн ойн баярын хаалтыг орон нутагт хийх болсондоо баяртай байна. Уг арга хэмжээгээр дамжуулан бид Британийн технологийн чадавхийг Монголын уул уурхайн салбарт таниулж, Монголын залууст дэлхийд боловсролын салбараараа тэргүүлэгч манай улсад хэрхэн суралцах боломжтой талаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг уриалан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд хоёрдугаар сарын 20-нд болох ‘’Британиийн Боловсролын нээлтэй хаалга‘’-ны өдөрлөгт “ESP Mongolia” англи хэлний IELTS шалгалтын албан ёсны төв, “Succedu”, “Study UK” зэрэг байгууллага оролцож, Британийн Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг ЭСЯ-ны мэргэжилтэн өгөх юм байна. 


Монгол Улс Их Британи улстай 1963 оны нэгдүгээр 23-ны өдөр дипломат харилцаа тогтоож байв. Үүнээс жилийн дараа Британи улс ЭСЯ-аа Улаанбаатар хотноо нээж байсан бол манай улс 1969 онд Лондон хотноо ЭСЯ-аа байгуулж байжээ. 

Холбоотой мэдээ