Мөргөж эвдсэн замын байгууламжийг сэргээн засварлахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-15 16:40:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн автозамын ногоон байгууламж, гэрлийн шон, хашлага мөргөсөн ослын нийт хохирлын 90 орчим хувийг нөхөн төлүүлжээ. Гэхдээ 10 гаруй байршлыг сэргээн засварлаагүй байгаа тухай Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ мэдээлэв.

Өнгөрсөн оноос энэ оны нэгдүгээр сар хүртэл замын байгууламж мөргөж, эвдсэн 114 осол гарч, нийслэлд 118 сая төгрөгийн эд материалын хохирол учирсан байна. Нийтийн эзэмшлийн талбайн эд зүйлийг гэмтээсэн жолооч нараас 106 сая төгрөгийн нөхөн төлбөр авч, төрийн болон хувийн өмчийн найман ААН-ийн дансанд шилжүүлжээ.

Гэтэл тэдгээр ААН замын байгууламж, эд материалыг засварлахгүй, эсвэл чанар муутай сэргээн засварлаж байгаа нь автозамын хөдөлгөөний аюулгүй байдал, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 9-нд Энхтайваны өргөн чөлөө, Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлгийн урд талын зам дахь хайсыг "Субару" маркийн автомашин мөргөж, эвдсэн осол бүртгэгджээ. “Ачит билгүүн ХХК”-ны тогтоосны дагуу 425.000 төгрөгийг Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын дансанд буруутай жолоочоор бүрэн төлүүлсэн ч одоог хүртэл засварлаагүй байна хэмээн ТЦА-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ